Оюуны өмч
Монгол Улс нь Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын гишүүн бөгөөд оюуны өмчид хамааралтай гол гэрээ, конвенцуудад нэгдэн орсон. Мөн Дэлхийн Худалдааны Байгууллага (WTO)-ийн оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээр (TRIPS)-д гарын үсэг зурж, баталсан.
Монгол Улсын Оюуны Өмчийн Газар (саяхнаас Оюуны өмч, улсын бүртгэлийн газар болж өргөжсөн) нь Монгол Улс дахь оюуны өмчийн асуудал эрхэлсэн гол төрийн байгууллага юм. Оюуны Өмчийн Газар нь оюуны өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн эрх олгох, тэдгээрийг арилжааны эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлэх, оюуны өмчийн эрхийн зөрчлөөс хамгаалах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнээс гадна Гааль, Татварын Ерөнхий Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг төрийн байгууллагууд оюуны өмчийн эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Оюуны өмчтэй холбоотой харилцааг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиудаар зохицуулж байна.
ЭмДиЭс ХаанЛекс хуулийн нөхөрлөлийн хуульчид зохиогчийн эрх, патентын болон барааны тэмдгийн асуудлаар холбогдох зохиогчийн, патент болон барааны тэмдэг эзэмшигчийн эрх ямар урьдчилсан нөхцөл хангагдсан байхад үүсэх, эдгээр эрхэд хамаарах зүйлүүд ямар шаардлагыг хангасан байх, зохиогч болон патент, барааны тэмдэг эзэмшигч ямар эрх эдлэх, эрхээ хэрхэн яаж хамгаалах талаар эрх зүйн зөвлөгөө өгдөг. Түүнчлэн дээрх эрхүүд зөрчигдсөн тохиолдолд үйлчлүүлэгчийг шүүхийн маргаанд төлөөлөх, зохиогч зохиогчийн эрхээ бусдаар дамжуулан хэрэгжүүлэх гэж буй тохиолдолд болон патент эзэмшигч бусдад лиценз олгох тохиолдолд холбогдох гэрээний төслийг боловсруулж, хэлэлцээр хийх, оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар Оюуны Өмчийн Газарт хэрхэн яаж хандан, ямар шаардлага хүсэлт гаргах талаар эрх зүйн зөвлөгөө өгөхөөс гадна Оюуны Өмчийн Газарт хандахад итгэмжлэлийн үндсэн дээр үйлчлүүлэгчийг төлөөлнө.