БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ
Сүүлийн жилүүдэд Монгол улс болон дэлхийн бусад улс орнуудад улс төр, нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийн нөлөөгөөр хүний эрх зөрчигдөх, бизнесийн үйл ажиллагаа тогтворгүй болох явдлууд ихэсч, цаг алдалгүй анхаарч шийдвэрлэх шаардлага тулгарсаар байна.
Ийнхүү 2011 онд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас санаачлан хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, зөрчигдсөн эрхийг сэргээх механизмаар дамжуулан хариуцлагатай бизнесийн зарчмуудыг дэмжих зорилго бүхий “Бизнес ба Хүний эрх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хүрээнд Герман, Франц зэрэг дэлхийн бусад улс орнуудын хувьд бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, сэргээх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс бизнесийн байгууллагуудад Хүний эрхийн хянан магадлагаа хийх үүргийг хууль тогтоомжоор хүлээлгэж эхэлснийг дурдах нь зүйтэй.
Манай улсын хувьд Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 204 дүгээр тогтоолоор Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар хүний эрхийг хүндэтгэсэн, хариуцлагатай бизнесийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахаар бодлого боловсруулан ажиллаж байна.
Дэлхийн зарим улс орнууд болоод корпорациудын хувьд бараа, үйлчилгээ экспортлогч, импортлогч болоод түншлэгч, хамтран ажиллагч талуудад хүний эрхийг зөрчдөггүй, хүний эрхэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаггүй байх, үүнийгээ нотолж, баталгаажуулсан байхыг шаардах, хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол хамтран ажиллахаас татгалзах бодлого хэрэгжүүлж байна. Түүнчлэн Олон Улсын банк, санхүүгийн байгууллагууд санхүүжилт, хөрөнгө оруулалт олгохдоо ч энэ шаардлагыг тавьж эхлээд байна. Нөгөөтэйгүүр бизнесийн үйл ажиллагааны улмаас хүний эрхийн зөрчил, сөрөг нөлөөлөл гарахгүй байх, үүнээс урьдчилан сэргийлэх, зөрчил, сөрөг нөлөөлөл гарсан тохиолдолд бууруулж, арилгаж ажиллах нь тухайн бизнес урт хугацаанд, тогтвортой, нэр хүндтэй оршин тогтнох суурь болж байна.
Манай “ЭмДиЭс энд ХаанЛекс” хуулийн фирм нь “Бизнес ба Хүний эрх”-ийн зарчмууд, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүний эрхийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, илүү хариуцлагатай бизнесийн орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах, үүсэн бий болсон сөрөг нөлөөллийг шийдвэрлэх механизмыг сайжруулах зэргээр хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, сэргээх зарчмуудыг хэрэгжүүлэхийн төлөө хууль зүйн салбарт түүчээлэн, бизнесийн байгууллагуудад зориулсан Бизнес ба хүний эрхийн чиглэлээрх цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.