Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

Бидэнтэй холбогдоно уу +976 (11) 330048

  • English
  • Монгол хэл

Банк санхүү

Монгол Улсын санхүүгийн зах зээлд банкны салбар давамгайлдаг. Төв банк буюу Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк нь өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлдэг. Харин Санхүүгийн Зохицуулах Хороо нь банкныхаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед манай улс ганцхан улсын банктай байж, үүгээр дамжуулан мөнгөний бодлого, зээл, төлбөр тооцоо, гадаад гүйлгээг явуулж байв. 1991 оны 4 дүгээр сард батлагдсан “БНМАУ-ын Банкны хууль”-д тус улсын банкны тогтолцоо нь Төв банк, арилжааны банкнаас бүрдэнэ гэж зааснаар хоёр шатлалт банкны тогтолцооны хөгжлийн үндсийг тавьсан.

1990-ээд оны дунд үе хүртэл инфляцийн түвшин өндөр байсан учир банкны зээлийн хүүгийн хувь бас нэмэгдэж, зээл нь үйлдвэрлэлийг бус, түргэн эргэлттэй худалдаа, үйлчилгээ зэрэг салбарыг тэтгэх болсноор энэ нь эргээд банкыг эрсдэлд оруулсан. Үйлдвэрлэлийн салбар уналтад орсноор банкууд найдвартай эх үүсвэргүй болж, тэднийг дэмжиж хөгжүүлэх бололцоо нь бүрдээгүй юм. Сүүлийн 20 жилд нийтдээ 18 банк дампуурч, бас өөр хоорондоо нэгдсэн нь энэ салбар ямар хүндрэл бэрхшээлийг туулж, хөгжиж ирснийг харуулдаг. Манай нөхөрлөл банкны салбарт хэд хэдэн банкуудтай хамтран ажиллаж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тус нөхөрлөлийн партнерууд нь Банкны салбарт Ипотекийн анхдагч зах зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд Монгол улсын Төв банк болон нийт банкуудтай хамтран ажиллаж ирсэн. Манай хуульчид тухайн үед өөрсдийн эрхэлж байсан ажил үүргийн хүрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль (2009), Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль (2010)-ийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ихээхэн үүрэгтэйгээр ажилласан. Түүнчлэн 2012 онд Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам боловсруулах ажлын хэсэгт ажилласан. Одоогоор тус хуулийн нөхөрлөл нь иргэдэд олгосон жилийн 8 хувийн хүүтэй, 3 их наяд гаруй төгрөгийн дүнтэй орон сууцны зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаас гаргах ажилд хөндлөнгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Мөн тус хуулийн нөхөрлөл нь гадаадын хөрөнгө оруулалтын банкнаас Монгол улсын хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж, компанид зээл олгох ажлын дотоод дахь судалгаа шинжилгээг хийх, хууль зүйн дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэж байна.

Манай фирм банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо,  даатгал, давхар даатгалын чиглэлээр эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.  Эдгээр чиглэлээр иргэд, байгууллагууд хуулийн этгээд байгуулах, тусгай зөвшөөрөл  авах, дотооддоо мөрдөх дүрэм, журмын төсөл боловсруулах, шүүхэд төлөөлөх зэрэг чиглэлээр зөвлөгөө авдаг бол  ЛэндМН ББСБ, Гялс төгрөг ХЗХ зэрэг зарим байгууллагад байнгын хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.  Санхүүгийн зах зээлийн банк бус чиглэлийн үйл ажиллагаа нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг тул зохицуулалтын хууль тогтоомжийн хүрээ өргөн, мэргэжлийн нарийн мэдлэг шаарддаг онцлогтой.  Сүүлийн жилүүдэд финтекийн хөгжилтэй холбоотойгоор  финтект суурилсан үйлчилгээний  чиглэлээр хууль зүйн зөвлөгөө хүссэн компаниудын тоо нэмэгдэж байна. Финтект суурилсан үйлчилгээний  бизнес модел, тулгамдсан асуудлаар санхүүгийн болон мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг хийх, практик хэрэгжилт болон финтекийн зохицуулалтын таатай орчин бий болгох чиглэлд бодлогын судалгаа хийх, нөлөөллийн шинжтэй өгүүлэл, мэдээлэл боловсруулж нийтийн хүртээл болгох, төрийн холбогдох байгууллагатай хамтран ажиллах зэргээр ЭмДиЭс энд Хаанлекс ХХН-ийн энэ чиглэлийн зөвлөх үйлчилгээний хүрээ өргөжиж,  зохих туршлага хуримтлуулж байна.

%d bloggers like this: