Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, Улаанбаатар хот.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан бөгөөд тус хуульд орсон 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор энэхүү мэдээллийг хүргэж байна.

  • Тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны талаар:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар Захиалагч харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарт заасан босго үнээс дээш өртөгтэй бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээ, 100 сая төгрөгөөс дээш өртөгтэй зөвлөх үйлчилгээний худалдан авах тендерт оролцогчоос тендерийн баталгаа ирүүлэхийг шаарддаг. Тус тендерийн баталгааны үнийн дүн нь тендерт оролцогчдоос тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 1-2 хувиар тооцогддог байсан бол энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр тендерийн баталгааны хэмжээг төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож баталгааг ирүүлэхийг шаардах нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

Харин гүйцэтгэлийн баталгааг гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тогтоож, тендерийн баримт бичигт тусгадаг байсан бол энэхүү нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэлийн баталгааг тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн 3 хувиар тооцож тендерийн баримт бичигт тусгахаар зохицуулжээ. Түүнчлэн төсвийн жил дамжин хэрэгжих төсөл арга хэмжээг гүйцэтгэж буй гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн баталгааг гүйцэтгэлийн баталгааны хуудас дуусахаас өмнө шинэчлэн хүргүүлэх үүрэгтэй ба хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгэлийн баталгааг орлого болгон авах талаарх онцлох зохицуулалтыг нэмж тусгасан байна.

  • Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар:

Худалдан авах ажиллагааны улсын байцаагч дараах тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай саналыг гаргах бүрэн эрхтэй байдаг. Үүнд:

  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;
  • Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.

Харин тус хуулийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр дээрх жагсаалтаас сүүлийн 3 жилийн хугацаанд авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон гэх хэсгийг хассан байна.

  • Бусад зохицуулалтууд: Жил бүр давтагддаг ажил, зөвлөхийн бус үйлчилгээний гэрээг 3 хүртэлх жилээр байгуулах; тендерийн төсөвт өртгийг нэмэгдүүлэн баталсан бол төсөвт өртөгт багтаан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэг удаа өөрчилж болох зэрэг нэмэлт өөрчлөлтүүд тус хуульд оруулсан байна.

Энэхүү нийтлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирмийн info@mdsa.mn цахим шуудангаар эсвэл +(976) 11330048 дугаарт холбогдоно уу.

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: