Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль

2022 оны 7-р сарын 01-ний өдөр, Улаанбаатар хот. 

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль 2021 оны 12-р сарын 24-ний өдөр шинэчилсэн найруулгаар батлагдаж, 2022 оны 7-р сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгад дараах онцлог зохицуулалтуудыг тусгажээ. 

1. Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх талаар

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх харилцааг нарийвчлан зохицуулж, хуулийн этгээдэд тавигдах нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зуучлах үйлчилгээ үзүүлэхийг хориглох, зуучлагчийн эрх, үүрэг, зуучлуулагчийн эрх, үүрэг, зуучлах үйлчилгээний зардал зэргийг тусгасан нь онцлог бүхий байна.

Зуучлах үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг олгоход ажиллах хүч гадаадад гаргах талаар хийсэн гэрээнээс гадна зуучлуулагчийн эрх, ашгийг хамгаалах үүднээс хуулийн этгээдийн эрх бүхий этгээд, зуучлах үйлчилгээ үзүүлэх ажилтан нь хүн худалдаалах, хүн хулгайлах, өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг үйлдээгүй байх, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгийн хэмжээ 300,000,000 төгрөгөөс доошгүй байх зэрэг болон бусад нөхцөл шаардлагыг нэмж тусгасан байна.

Мөн Зуучлах зөвшөөрлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу сайд олгодог байсныг өөрчилж, Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу яам тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх, зөвшөөрлийг 3 хүртэл жилээр олгохоор зохицуулжээ.   

Түүнчлэн Зуучлах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулж, үүнтэй холбоотойгоор “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-д тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ 2022 оны 7-р сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд гаргахаар байна. Хэрэв тусгай зөвшөөрлөө шинэчлэн аваагүй, эсхүл эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ хуульд заасны дагуу гаргаагүй бол тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хүчингүйд тооцохоор тусгажээ.

Мөн зуучлуулагчийн төлөх зардлыг хуулиар тодорхойлж, зуучлуулагч нь ажил олгогч хариуцахаас бусад тохиолдолд тээврийн зардал, бэлтгэл, сургалтын зардал, эрүүл мэндийн үзлэгийн зардал, гадаад улсын виз мэдүүлэхтэй холбоотой зардлыг хариуцаж, бусад төлбөр, хураамж, дэнчин, барьцаа болон хүлээн авагч тал хариуцах зардлыг аливаа хэлбэрээр зуучлуулагчаас авахыг хориглохоор зохицуулсан. Үүнээс гадна Төрийн байгууллага хоорондын гэрээ, санамж бичгийн хүрээнд Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх, Гадаадад хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх сургалтад хамруулах, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэний хөдөлмөрлөх эрхийг хангах, монгол ажилтныг дэмжих, эх орондоо буцаж ирсэн ажилтанд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг мөн зохицуулсан байна.

2. Гадаад улсын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх талаар

Гадаад улсын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх талаар мөн хэд хэдэн онцлог өөрчлөлтийг тусгасан. Тухайлбал, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны ажлын байрыг Удирдах, Гүйцэтгэх, Туслах гэж төрөлжүүлсэн ба төрөл тус бүрт хамааруулан ажлын байрыг ангилсан.

Байгууллага буюу ажил олгогч нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулахад эхлээд хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, дотоодоос ажилтан авч ажиллуулах шаардлагыг нэмэлтээр тусгасан. Харин ажил олгогч 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй. Ажил олгогч гадаад улсаас ажилтан авах зорилгоор тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжил, ур чадварыг хэт өндөр тавих, ажлын байрны шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзахыг хориглосон.

Ажил олгогчид гадаад ажилтан урих зөвшөөрлийг Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 3 сарын хугацаагаар, гадаад ажилтанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг ажлын байр, хөдөлмөрийн гэрээний хугацаанаас хамааран 1 жил хүртэл хугацаагаар олгохоор зохицуулсан.

Мөн тус хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсний төлөө төлөх нэг сарын төлбөрийн хэмжээ нэг сард ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна гэж зохицуулж, ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, чөлөөлж болох зохицуулалтыг нэмэлтээр тусгасан.

Түүнчлэн хуулиар гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх хугацааг сунгах, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, гадаад ажилтныг хөдөлмөр эрхлэхэд чиг баримжаа олгох сургалтад хамруулах, шилжүүлэн хөдөлмөр эрхлүүлэх, урих зөвшөөрлийг хязгаарлах, ажил олгогчийн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрлийг цуцлах, хууль бус хөдөлмөр эрхлэлтийг хориглох зэрэг асуудлыг зохицуулжээ.

3. Бусад

Өмнөх хуулиар тухайн оронд суугаа Элчин сайдын яам, консул, төлөөлөгчийн газар нь гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн талаар бүртгэл, мэдээлэл хөтөлж, улирал тутам хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу яаманд хүргүүлдэг байсан бол хуулийн шинэчилсэн найруулгаар гадаад улсад хөдөлмөр эрхэлж, эсхүл дадлагажиж байгаа Монгол Улсын иргэн болон Монгол Улсад хөдөлмөр эрхэлж, эсхүл дадлагажиж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний мэдээллийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний мэдээллийн санг цахимаар болон цаасаар бүрдүүлж, шинэчлэх ба Монгол Улсад тухайн онд гадаадаас ажилтан авч ажиллуулсан ажлын байрны жагсаалт, тоог дараа оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж, нийтэд мэдээлэхээр зохицуулсан байна.

Энэхүү нийтлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол доорх хаягт холбогдоно уу.

Утас: +(976) 11330048; email: info@mdsa.mn; batbuyan@mdsa.mn

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

 

 

Leave a Reply

%d bloggers like this: