“Монпэй бонд” өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон гаргахад “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллав.
2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, Улаанбаатар хот.
Мобифинанс ББСБ нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгогдсон “Зээлийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийн хүрээнд онлайн бичил зээлийн “Мессеж зээл” үйлчилгээ, Монголбанкнаас олгосон “Цахим мөнгө гаргах” тусгай зөвшөөрлийн хүрээнд Цахим мөнгөний “Монпэй” үйлчилгээг тус бүр зах зээлд амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа салбартаа тэргүүлэгч компаниудын нэг юм.
2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Санхүүгийн Зохицуулах Хорооны тогтоолоор тус компанийн 12 сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг “Монпэй бонд”-ыг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, үнэт цаасны танилцуулгад тусгасан нөхцөл, журамд заасан арга хэрэгслээр анхдагч зах зээлд санал болгохыг зөвшөөрсөн юм. Ийнхүү”Мобифинанс ББСБ” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өрийн хэрэгслийг “Monpay” аплликейшнээр дамжуулан олон нийтэд санал болгож, 35 минутанд амжилттайгаар арилжаалж дууслаа.
Монпэй бонд нь “Monpay” аплликейшнээр дамжуулан цахим мөнгөөр бонд худалдан авах боломжийг бүрдүүлсэн нь цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой байлаа. Үүнтэй холбоотойгоор тус компаниас “Monpay” аппликейшнаар дамжуулан нээлттэй гаргах “Монпэй бонд”-ыг арилжих төслийг сэндбоксод хамруулах хүсэлт гаргасныг Сэндбоксын зөвлөлөөс хүлээн авч, эргэн төлөх ажиллагааг сэндбоксын орчинд турших шийдвэрийг гаргасан нь сэндбоксод орсон анхны бүтээгдэхүүн болж байна.
“Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН-ийн хамт олон энэхүү инновацлаг төслийн нэг хэсэг болж амжилттай хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байна.
Энэхүү нийтлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Партнер Д.Дүгэржав, ассошейт Н.Номин нараас авна уу. Утас: +(976) 11330048; email: dugerjav@mdsa.mn, nomin@mdsa.mn
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.