
Дэлхийн усны өдөр
2021 оны 03 дүгээр сарын 22-ны өдөр, Улаанбаатар хот.
Дэлхийн усны өдрийн тухай
Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр цэвэр усны ач холбогдлыг анхаарч, цэвэр усны нөөцийн тогтвортой тогтолцоог сурталчлах арга хэмжээ болгон зохион байгуулдаг. Энэ өдөр нь устай холбоотой аливаа асуудлын талаар олж мэдэх, энэ талаар бусдад түгээх, өөрчлөлт хийх боломжийг хүмүүст олгодог ач холбогдолтой.
Дэлхийн усны өдөр тэмдэглэх болсон түүх
Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр A/RES/47/193 тоот тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.
2021 оны онцолсон сэдэв: Усны үнэ цэнэ, үнэлэмж
Усны үнэ цэнэ нь түүнийг худалдан борлуулдаг үнээс хамаагүй илүү билээ. Ус нь айл өрх, хоол хүнс, соёл, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн салбараар зогсохгүй байгаль орчны бүрэн бүтэн байдалд асар их нөлөөтэй, өндөр үнэ цэнэтэй байгалийн нөөц юм. Хэрэв бид усны энэхүү үнэ цэнийг үл тоомсорловол энэхүү хязгаарлагдмал, дахин орлуулшгүй байгалийн нөөцийг буруу удирдан зохион байгуулах эрсдэлтэй бөгөөд бид усны жинхэнэ, олон талт үнэ цэнийн талаар цогц ойлголтгүйгээр энэхүү чухал нөөцийг хамгаалах боломжгүй болно.
Иймд энэ жилийн хувьд усны утга учир, түүний жинхэнэ үнэ цэнэ, үнэлэмж, энэ амин чухал нөөцийг хамгаалах арга замыг тодруулахаар “Усны үнэ цэнэ, үнэлэмж” сэдэвтэйгээр тэмдэглэж байна.
Усны хомсдолын тухай
НҮБ-ын хүүхдийн сан (UNICEF)-аас 2017 онд гаргасан судалгаанд “2040 он гэхэд 18-аас доош насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу 600 сая орчим хүүхэд усны хэт хомсдолтой газар нутагт амьдрах болно” гэсэн байдаг[1].
НҮБ-ын хүүхдийн сан (UNICEF)-аас 2021 онд гаргасан судалгаагаар “Дэлхий дээр 1.42 тэрбум хүн, түүний дотор 450 сая хүүхэд усны гадаргын усны хомсдол өндөр, эсхүл хэт өндөр бүсэд амьдарч байна. Цаашлаад дэлхийн усны эрэлт 2050 он гэхэд жилд 20-30 хувиар нэмэгдэх төлөвтэй бөгөөд одоогоос 10-аас дээшгүй жилийн хугацаанд 3 сая гаруй хүн амтай 45 томоохон хот суурин газар усны хомсдолд орох магадлал их буюу туйлын өндөр байх төлөвтэй байна.” хэмээн онцолжээ.[2]
Иймд бидний ирээдүй болсон үр хойчоо эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын тулд одооноос хүн бүр усны үнэ цэнийг ойлгон ухамсарлаж, усаа хайрлан хамгаалахын төлөө хамтдаа тэмцэх шаардлага тулгарч байна.
Эх сурвалж: https://www.unwater.org/worldwaterday2021/
https://www.worldwaterday.org/
[1] https://www.unicef.org/press-releases/nearly-600-million-children-will-live-areas-extremely-limited-water-resources-2040#:~:text=Press%20release-,Nearly%20600%20million%20children%20will%20live%20in%20areas%20with,water%20resources%20by%202040%20%2D%20UNICEF&text=NEW%20YORK%2C%2022%20March%202017,released%20on%20World%20Water%20Day.
[2] https://www.unicef.org/media/95241/file/water-security-for-all.pdf
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.