Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ БАТЛАГДСАН НЬ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛД ЧУХАЛ АЛХАМ БОЛЛОО

2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, Улаанбаатар хот.

 

Үнэт цаасны зах зээлийг арилжааны  болон зохицуулалтын хүрээ, тавигдах шаардлага, оролцогчид зэрэг онцлогоос нь хамааруулж зохицуулалттай буюу биржийн зах зээл, зохицуулалтгүй буюу биржийн бус зах зээл гэж ангилдаг. 2013 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.3-т: “биржийн бус зах зээл” гэж энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.4, 24.1.5, 24.1.10, 24.1.12-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд хууль тогтоомжоор хориглоогүй, өөрийн өмчлөлийн болон өмчлөгчөөс эрх олгосон бусад санхүүгийн хэрэгслийг харилцан шууд худалдах, худалдан авах гэрээ байгуулах ажиллагаа явуулж байгаа зах зээлийн харилцааг хэлнэ гэж тодорхойлж, биржийн бус зах зээлийн эрх зүйн үндсийг нь тавьсан. Гэсэн хэдий ч биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг практикт хэрэгжүүлэх, уг зах зээлд оролцогчид, тэдгээрт тавигдах шаардлага, арилжааны журам, түүнд хяналт тавих зэрэг харилцаа зохицуулалтгүйгээр нэлээдгүй хугацаа өнгөрсөн.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63.1.14-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь “биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянах” бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 995 тоот тогтоолоор “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталжээ. Энэ журам батлагдсанаар мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалт тодорхой болж, үнэт цаасны зах зээлийг хөгжилд нэн чухал алхам боллоо. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компани, ББСБ, жижиг дунд үйлдвэрүүд хаалттай өрийн хэрэгсэл гаргаж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад арилжаалах,  мэдээллийн ил тод байдал, компанийн засаглал илүү сайжирч, үнэт цаас гаргахад зарцуулдаг цаг хугацаа, зардлаа хэмнэхээс гадна хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, мэдээллийн ил тод байдал хангагдах зэргээр хөрөнгө оруулагчдын хувьд ч чухал ач холбогдолтой болохыг Санхүүгийн зохицуулах хороо онцолсон байна[1].

“Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН энэ удаад уг журамд тусгагдсан гол онцлог зохицуулалтын талаарх мэдээллийг үүгээр хүргэж байна.

 

Нэг. Хамрах хүрээ, зохицуулах харилцаа

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмаар биржийн бус зах зээлийн хамрах хүрээ, удирдлага зохион байгуулалт, түүний эрх үүрэг, хяналт, зах зээлд оролцогчид, арилжаа явагдах программ хангамж, түүнд тавигдах шаардлага, арилжааны төлбөр, өмчлөх эрхийн бүртгэл, төвлөрсөн хадгаламж, мэдээллийн ил тод байдал, Санхүүгийн зохицуулах хорооны эрх, үүрэг, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна. Харин компанийн нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх, арилжаалахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулахгүй юм.

 

Хоёр. Биржийн бус зах зээл дээр арилжаалах үнэт цаас

Биржийн бус зах зээл дээр дараах үнэт цаасыг нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчид хоорондоо арилжаалах боломжтой. Үүнд:

  • Засгийн газрын өрийн хэрэгсэл;
  • хувьцаат компанийн хувьцаа[2];
  • компанийн өрийн хэрэгсэл;
  • хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, нэгж эрх;
  • хадгаламжийн бичиг;
  • хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;
  • үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх /варрант/;
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үүсмэл санхүүгийн хэрэгсэл;
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гэж тогтоосон бусад санхүүгийн хэрэгсэл.

“Компанийн өрийн хэрэгсэл”-ийг нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд гаргах бол заавал биржийн бус зах зээлд арилжаалах бөгөөд үнэт цаасаа Холбоонд бүртгүүлж, үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад хадгалуулах зохицуулалтыг шинэ журмаар тодорхойлсон байна.

 

Гурав. Оролцогчид

Биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах этгээд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан мэргэжлийн холбоо байхаар журамласан бөгөөд тус холбоо нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг хариуцсан байнгын нэгжтэй байхаас гадна үнэт цаасны бүртгэл хариуцсан хороотой байхаар зохицуулсан[3]. Иймд “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ӨЗБ (“Холбоо”) нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй субьект боллоо. Тус Холбоо нь биржийн бус зах зээл дээрх үнэт цаасны арилжааг цахим программ хангамжаар дамжуулан зохион байгуулах, үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, биржийн бус зах зээлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн Холбоо нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахтай холбоотой дараах харилцааг зохицуулсан журмыг боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулан мөрдөх юм[4] . Үүнд:

  • биржийн бус зах зээлийн үнэт цаасны арилжаа;
  • биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэл;
  • биржийн бус зах зээлийн үнэт цаасны арилжаанд хяналт тавих;
  • биржийн бус зах зээлийн үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоо;
  • биржийн бус зах зээлийн үнэт цаасны арилжааны мэдээллийн ил тод байдал;
  • үнэт цаасны бүртгэл хариуцсан хорооны эрх, үүрэг, үйл ажиллагаа;
  • биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэл, арилжаанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
  • биржийн бус зах зээлд үнэт цаас гаргагч компанийн тайлан, мэдээ, мэдээлэл;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх;
  • биржийн бус зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой бусад шаардлагатай харилцаа;
  • Хорооноос шаардсан бусад.

Энэхүү мэдээг гаргах өдрийн байдлаар Холбоо нь дээр дурдсан журмуудын төслийг боловсруулж байгаа гэсэн мэдээлэлтэй байна.

Үнэт цаасны брокерийн, дилерийн, андеррайтерийн, кастодианы, үнэт цаасны итгэмжлэн удирдах, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд нь биржийн бус зах зээл дээр өөрийн өмчлөлийн болон эрх олгосон тохиолдолд бусад этгээдийн өмчлөлийн санхүүгийн хэрэгслийг харилцан шууд худалдах, худалдан авах гэрээ байгуулах үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгчдээс бусад этгээд нь үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр дамжуулан биржийн бус зах зээлийн арилжаанд оролцоно. Журамд биржийн бус зах зээлийн арилжаанд оролцогчдыг дор дурдсанаар тодорхойлсон:

  • Мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч[5]
  • Монгол Улсын иргэн;
  • Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд;
  • Гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн, олон улсын банк, санхүүгийн болон хөгжлийн байгууллагууд;
  • Хууль тогтоомжоор хориглоогүй бол Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагууд, Төв банк /Монголбанк/, Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Засгийн газрын тусгай сан, Зээлийн батлан даалтын сан, бүх төрлийн даатгалын сан.

Биржийн бус зах зээлийн арилжаанд оролцохыг хүссэн Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд тодорхой шалгуур хангасан байхаар журамласан. Тухайлбал,  Монгол Улсын иргэний хувьд түүний сүүлийн нэг жилийн сарын дундаж орлого нь 10 сая төгрөгтэй тэнцүү болон түүнээс дээш хэмжээтэй, эсхүл 500 сая төгрөгөөс дээш хэмжээний цэвэр хөрөнгө /харилцах, хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө, үнэт цаасны нийлбэр дүнгээс өр төлбөрийг хасах/-тэй байх; мөн сүүлийн 1 жилийн турш дотоодын болон гадаадын зах зээл дээр үнэт цаасны арилжаанд оролцсон туршлагатай байх шаардлагатай. Монгол Улсад бүртгэлтэй хуулийн  этгээдийн хувьд сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 2.5 тэрбум төгрөгөөс доошгүй байх; мөн өөрийн хөрөнгийн хэмжээ 1 тэрбум төгрөгөөс доошгүй байх шалгуур тогоосон байна.

 

Дөрөв. Программ хангамж

Биржийн бус зах зээлийн арилжааг тусгай программ хангамжаар дамжуулан явуулах үүргийг Холбоо хүлээсэн. Ийнхүү техник, технологийн ололтыг биржийн бус зах зээлийн арилжаанд ашиглах нь ихээхэн цаг зардаг уламжлалт нөхцөл байдлыг өөрчилж, арилжаанд оролцогчдод мэдээ мэдээллийг шуурхай хүргэх, оролцогчид хэлцлийн нөхцөлийг шууд тохиролцох, арилжааны хяналтыг бодит цагт нь хэрэгжүүлэх зэрэг ажиллагааг хялбарчлах давуу талтай байна. Үүнтэй зэрэгцэн программ хангамжийн аюулгүй байдлыг хангах асуудал маш чухал болно. Иймд журмын 5.2-д заасны дагуу арилжааны цахим программ хангамжид бусад оролцогчид нэгнийгээ таньж мэдэх боломжгүй байх, арилжааны мэдээллийг арилжаанд холбогдолгүй гуравдагч этгээдээс нууцлах, системийн шифрлэлт нууцлал, аюулгүй байдлын стандартыг хангах, олон нийтэд мэдээлэл хүргэх нээлттэй самбартай байх зэрэг технологийн тодорхой шаардлага тавьсан.

Холбоо нь  программ хангамжаараа дамжуулан дараах мэдээллийг олон нийтэд хүргэж, мэдээллийн ил тод байдлыг хангана. Үүнд:

  • үнэт цаасны бүртгэлийн дугаар, ялгах тэмдэг;
  • үнэт цаасны ханш, түүнд нөлөөлж болох бусад мэдээлэл;
  • хэлцэл хийгдсэн он, сар, өдөр;
  • нийт арилжаалсан үнэт цаасны тоо;
  • үнэ, нээлтийн болон хаалтын ханш;
  • хууль тогтоомж, холбогдох журмын дагуу нийтэд мэдээлэхээр заасан бусад мэдээлэл;
  • Хороо шаардсан бусад мэдээлэл.

Холбоо нь программ хангамжаа хөгжүүлж, Хорооны журамд заасан журмуудыг баталж мөрдүүлснээр нийтэд санал болгон үнэт цаас гаргах боломжгүй байгаа бизнес эрхлэгчдэд санхүүжилт босгох таатай нөхцөл бүрдэх бөгөөд цаашид үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт өргөжиж, түүний өгөөжийг илүү өргөн хүрээнд хүртэх, санхүүжилт босгох өндөр зардалтай, төвөгтэй процессыг цахим программ хангамж ашиглан хялбарчилснаар манай хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ ахиц дэвшил гарна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

“Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН нь Монгол Улсын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг бөгөөд үндэсний болон гадаад улсын, түүнчлэн үндэстэн дамнасан бизнесийн байгууллагуудад тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн бодит шийдлийг тодорхойлсон өргөн хүрээний зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн. Олон улсын хэмжээнд хуульч, хуулийн фирмийн зэрэглэл тогтоодог Asialaw, Legal500  сэтгүүлүүд “Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН-ийг 2021 онд бизнесийн эрх зүйн салбарт “Нэн тэргүүнд санал болгох” хуулийн фирмээр нэрлэсэн нь манай фирм хөрөнгийн зах зээл, банк санхүү, компанийн засаглал, төслийн удирдлагаар мэргэшиж, зах зээлд танигдсан үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой юм.

 

Энэхүү нийтлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Партнер Д.Дүгэржав, ассошейт Н.Номин нараас авна уу. Утас: +(976) 11330048; email: dugerjav@mdsa.mn, nomin@mdsa.mn 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

 

 

[1] http://www.frc.mn/a/3457

[2] Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмын 3.3-д заасны дагуу хаалттай хувьцаат компани нь хувьцаагаа биржийн бус зах зээл дээр арилжаалахаар гаргах боломжтой байна.

[3] Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмын 2.1, 2.2 дахь заалт

[4] Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмын 2.5 дахь заалт

[5] Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.19-д зааснаар “мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч” гэж мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгал, андеррайтер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зэрэг хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэж үзсэн бусад этгээдийг ойлгоно.

 

 

 

~oOo~

Leave a Reply

%d