Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ
Монгол Улсад банк байгуулах зөвшөөрөл олгох харилцааг анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 422 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм”-ээр зохицуулсан. Банкны тухай анхны хууль 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан. Түүнээс хойш 1996 оны 9 дүгээр сарын 03, 2010 оны 1 дүгээр сарын 28-нд хоёр удаа шинэчилсэн найруулгыг баталсан байдаг. Банкны тухай 2010 оны хуульд нийт 23 удаа нэмэлт өөрчлөлт орсноос 2018 оны 1 дүгээр сарын 18 (54 зүйл, хэсэг, заалт), 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн (21 хэсэг, заалт) хуулиар тус тус зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт орсон.
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (2021/01/28) хуулиар дараах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулжээ:
- Банкны системд нөлөө бүхий банк гэж тооцох шалгуур
- Банкны үйл ажиллагаа эрхлэх компанийн хэлбэр
- Банкны хувьаа, түүнд хамаарах үнэт цаасны эзэмшлийн хязгаар
- ТУЗ-ийн нийт ба хараат бус гишүүдийн тоо
- Банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгох зарим үндэслэл
- Монголбанкны санаачилгаар банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах
- Банкны хувьцаа эзэмших зөвшөөрөл олгох
- Банкинд хяналт тавих Монголбанкны зарим бүрэн эрх
- Банкийг төлбөрийн чадваргүй болсон (болох нөхцөл байдал үүссэн)-д тооцох
- Банкинд авах урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Банкны нөхцөлт удирдлага
- Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үндэслэл, хүрээ
- Төлбөр барагдуулах дараалал.
Түүнчлэн УИХ нэгэн зэрэг Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (2021/01/28) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталсан. Дагаж мөрдөх журмын тухай хуулиар Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй банкууд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. Үүнд:
дд |
Банкуудын хэрэгжүүлэх арга хэмжээ | Хугацаа | |
1 | Дор дурдсан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ТӨЛӨВЛӨГӨӨ баталж, Монголбанк, СЗХ-д хүргүүлнэ:
– Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байх(4.2), Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны хорин хувиас (20%) хэтрэхгүй байх (36.1) шаардлагыг хэрэгжүүлэх хугацаа; – Үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө; – Хувьцааны үнийн төсөөсөл; – Боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа ; – Шаардлагатай бусад |
2021/07/01 |
|
2 | Компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг хэрэгжүүлсэн байх. Өөрөөр хэлбэл, “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх | 2022/06/30 | |
3 | Банкны хувьцааны хувь эзэмшлийн талаар тогтоосон хязгаарыг бүрэн хангасан байх. Өөрөөр хэлбэл, “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх | 2023/12/31
|
|
Дээр дурдсан хугацаанд төлөвлөгөөт арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол Монголбанкны зүгээс банкинд Банкны тухай хуульд заасан урьдчилан сэргийлэх, эсхүл нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах, хувь эзэмшлийн хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсгийг өөрийн хөрөнгөөс хасаж тооцох гэх мэт арга хэмжээг авахаар хуульчилсан. Түүнчлэн энэхүү хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшигчдийн хурлын саналын эрх, хуульд заасан хувьцаа эзэмшигчийн бусад эрхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсэгт ногдол ашиг олгохгүйгээр хувьцааг албадан худалдахыг шаардах гэх мэт арга хэмжээг Монголбанкны зүгээс авах юм.
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (2021/01/28) хуулиар уг хуульд орсон дор дурдсан өөрчлөлтийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон:
- Монголбанк дараахь нөхцөлд банк байгуулах тусгай зөвшөөрөл, банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгохгүй, үүнд: банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхгүй бол хамгийн их хувьцаа эзэмшиж байгаа 20 хүртэл тооны хувьцаа эзэмшигч тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, нийт дүн, хэмжээний талаархи мэдээллийг Монголбанкинд ирүүлээгүй (24.1.5)
- Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд төрийн өмчит банкны хувьд Засгийн газар, түүнээс эрх олгосон этгээд тус тус хэрэгжүүлнэ (29.1)
- Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна (33.1)
Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан одоогийн ХХК болох банкийг ХК болгохтой холбоотой төлөвлөгөө нь Компанийн тухай хуулийн 23.2-т заасан банкийг өөрчлөх төсөл юм. Компанийн тухай хуулийн 23.2-т зааснаар уг төлөвлөгөө (төсөл)-г ТУЗ боловсруулж, Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж батална.
Банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөө нь хууль болон бодит байдалд нийцсэн, хуулиар тогтоосон хугацааг тооцсон, гүйцэтгэлийн үе шат, гарч болзошгүй эрсдэл, одоогийн хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан байх шаардлагатай болно.
Банкны тухай хуульд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд Банкны тухай, Төвбанкны тухай хууль тогтоомжийн туршлагаас гадна Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржээс тогтоосон журам, компанийн засаглал, үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн үйлчилгээтэй хавсарсны үндсэн дээр амжилттай хэрэгжих ажиллагаа юм гэж бид ойлгож байна.
“ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН нь Монгол Улсын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг бөгөөд үндэсний болон гадаад улсын, түүнчлэн үндэстэн дамнасан бизнесийн байгууллагуудад тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн бодит шийдлийг тодорхойлсон өргөн хүрээний зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн. Олон улсын хэмжээнд хуульч, хуулийн фирмийн зэрэглэл тогтоодог Asialaw, Legal500 сэтгүүлүүд “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН-ийг 2021 онд бизнесийн эрх зүйн салбарт “Нэн тэргүүнд санал болгох” хуулийн фирмээр нэрлэсэн нь манай фирм хөрөнгийн зах зээл, банк санхүү, компанийн засаглал, төслийн удирдлагаар мэргэшиж, зах зээлд танигдсан үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой юм.
Энэхүү нийтлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Партнер Д.Дүгэржав, зөвлөх, хуульч Ч.Баяртуул нараас авна уу. Утас: +(976) 11330048; email: dugerjav@mdsa.mn, bayartuul@mdsa.mn
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.