Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

COVID-19 ВИРУСТ ХАЛДВАРЫН ҮЕД АЖИЛ ОЛГОГЧИЙН АВЧ БОЛОХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр, Улаанбаатар хот.

Дэлхий нийтийг цочирдуулж буй шинэ коронавирус буюу COVID-19 вирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн Газраас зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, олон улсын нислэгийг зогсоох, үйлчилгээний газруудын ажиллах цагийг богиносгох, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох гэх мэт. Үүнээс шалтгаалан ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ашиг орлого буурах, улмаар зардлаа бууруулах үүднээс зарим ажлын байрыг цомхотгох, сул зогсолтын горимд шилжүүлэх арга хэмжээ авч байна. Хэрэв танай байгууллага дээрх шалтгааны улмаас сул зогсолтын горимд шилжихээр бол учирч болох эрсдэл, түүнийг даван туулах аргах замын талаар товч танилцуулж байна.

Цалингүй чөлөө олгох
Энэ нь ажил олгогч болон ажилтанд аль алинд нь ашигтай хувилбар байж болох юм. Ийнхүү шийдвэрлэсэн бол цалингүй чөлөө олгох хугацаа, уг хугацаанд ажилтны нийгмийн даатгалыг хэрхэн төлөх талаар ажилтны саналыг харгалзан тохиролцсон байвал зохих бөгөөд тухайн хугацаанд ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, чөлөө олгох тухай тушаалд дурдвал зохино.

Өөр ажилд шилжүүлэн томилох, хэд хэдэн ажил үүргийг зэрэг гүйцэтгүүлэх
Ажилтныг сул зогсолтын горимд шилжүүлэхээс өмнө байгууллага дотроо түүнтэй тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулах боломжтой эсэхийг судлах шаардлагатай. Ийнхүү тус ажилтныг шилжүүлэх боломжгүй бол ажилтныг сул зогсолтын горимд шилжүүлж болно. Энэ тохиолдолд сул зогсолтын олговрыг түүний үндсэн цалингийн 60-аас (энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420,000 төгрөгөөс багагүй байна) доошгүй хувиар тооцож олгохыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан. Ажил олгогч тус олговрыг олгоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 500,000 төгрөгөөр торгуулах эрсдэлтэй байна.

Сул зогсолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд сул зогсолтын олговор олгодоггүй болохыг анхаарна уу.

Байгууллага дахь ажлын байрны орон тоог хасах, ажилтны тоог цөөрүүлэх
Хэрэв COVID-19 нь удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд ажил олгогч санхүүгийн хүндрэлд орох эрсдэлтэй. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох 7 үндэслэл байдаг. Дээрх санхүүгийн хүндрэл үүссэн тохиолдолд орон тоог хасах, эсхүл ажилтны тоог цөөрүүлэх үндэслэл нь хамгийн түгээмэл байж болох юм.

Орон тоог хасах гэдэг нь жишээлбэл, нягтлан бодогчийн орон тоог хасч тухайн байгууллага нягтлан бодогчгүйгээр үйл ажиллагаагаа явуулахыг ойлгоно.

Ажилтны тоог цөөрүүлэх гэдэг нь жишээлбэл, 3 нягтлан бодогчтой байсан бол ажилтны тоог цөөрүүлж 1 нягтлан бодогчтойгоор үйл ажиллагаагаа явуулахыг ойлгоно.

Хэрэв Ажил олгогч нь дээрх аль нэг үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд тухайн ажилтанд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэж, түүнд хамгийн багадаа 1 сарын хугацаанд түүний дундаж цалинтай дүйцэхүйц тэтгэмж олгох ёстой. Гэхдээ орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажилтан чөлөөлсөн боловч түүнийг чөлөөлсөнөөс хойш 3 сарын дотор дахин тухайн ажлын байрыг бий болгосон тохиолдолд тухайн ажилтныг эгүүлэн авах ёстойг анхаарна уу.

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: