Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Шинэ төрлийн коронавируст буюу COVID-19 халдварын эсрэг Монгол улсын төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, Улаанбаатар хот.

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дэлхийн 119 улс оронд бүртгэгдэж, 119,292 хүнд халдварлагдсан нь батлагдаж, 4300 гаруй хүний амь насыг авч одоод буй шинэ төрлийн коронавируст буюу COVID-19 халдвар нь Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор бүртгэгдээд байна. Ийнхүү онц аюултай халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс зэрэг төрийн байгууллагуудаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

• Жирэмсэн болон 0-12 нас хүүхэдтэй эхчүүд цалинтай чөлөө авах эсхүл зайнаас ажиллана.

Улсын онцгой комиссын 2020 оны 3 сарын 10-ны өдрийн 6 тоот тогтоолоор коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 30-ыг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, алба хаагчид цалинтай чөлөө олгох, гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага зэрэг өмчийн хэлбэр үл харгалзан бүхий л аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан байна. Түүнчлэн, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтад “хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд тийнхүү үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд 1,000,000 төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээхээр зохицуулжээ.

• Үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоолоо.

Улсын Онцгой Комиссын дээрх өдрийн хуралдаанаар 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 07:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүхий л хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд (Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр), зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ, халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд (үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ), дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ болон смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн ТҮЦ-үүдийн үйл ажиллагааг зогсоолоо.

• Мөнгөний бодлогын хүүг 1 хувиар буулгав.

Дээрх худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосноор тухайн аж ахуйн нэгжүүд орлого олох боломжгүй болж улмаар зээлийн болон түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Иймээс Монгол Банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж мөнгөний бодлогын хүү 11 хувь байсныг нэг функтээр буулган 10 хувь болгосон байна. Мөн арилжааны банкууд заавал байлгах нөөцийг 10,5 хувь байсныг хоёр функтээр буулгасан байна. Энэ нь эдийн засаг руу нилээд их хэмжээний мөнгө гаргах, уян хатан болгож, арилжааны банкуудын зээлийн хүүнд уян хатан шийдвэр гарахад нөлөөлнө гэж үзжээ.

 

• Олон улсын нислэгийг зогсоолоо.

COVID-19 халдварт өвчин бүртгэгдээд байгаа БХНАУ, БНСУ, Япон, ОХУ, Турк, Казахстан, ХБНГУ, Тайланд зэрэг улсуудын Монгол улсаас ирэх болох очих 2 талын нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 28-ныг хүртэл зогсоогоод байна.

• Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулав.

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт тухайн шүүхийн бүхий л шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хойшлуулах тухай албан бичиг илгээсэн байна. Үүний дагуу Нийслэл дэх Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур дүүргийн анхан шатны шүүхүүд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зэрэг байгууллагууд тухайн хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулаад байна.

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

 

Leave a Reply

%d bloggers like this: