ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ГАРГУУЛАХ АСУУДЛААР ПРО БОНО ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ
2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, Улаанбаатар хот.
Даатгалын нөхөн төлбөрөө бүрэн хэмжээгээр гаргуулан авч чадахгүй байна гэх иргэн Б бидэнд хандсан. Сургуулийн насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн хүсэлт болон тухайн асуудлаар зөв жишиг тогтоох шаардлагатайг харгалзан Өмгөөллийн “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН нь нийгмийн хариуцлагын хүрээнд Б-д хууль зүйн про боно үйлчилгээ үзүүлж хамтран ажиллалаа.
Б-гийн гэр бүл бусад залуу гэр бүлийн адил банкны зээлээр орон сууцтай болж, сайхан амьдарч байсан. Орон сууцны санхүүжилтийн журмын шаардлагын дагуу амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтаас хамгаалах даатгалд үндсэн зээлдэгч нөхөр, хамтран зээлдэгч эхнэр хоёр хамрагдсан. Даатгалын гэрээнд зааснаар даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд зээлийн төлбөр хариуцах хувийг эхнэр Б нь 0 хувь, харин нөхөр М нь 100 хувь байхаар байгуулсан байдаг. Гэрээ байгуулснаас хойш 7 сарын дараа нөхөр М ажил үүргээ гүйцэтгэж яваад авто ослоор нас барсан. Нэгэнт даатгалын тохиолдол бий болсон учир даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр авахаар баримт бичгээ бүрдүүлэн өгсөн боловч даатгалын компани даатгалын тохиолдолд үүсэх үеийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 62,950,474.56 төгрөгийн 54,9 хувиар тооцож 34,506,125 төгрөгийг олгосон хэдий ч 45.1 хувь буюу 28,444,349,56 төгрөгийг олгохоос татгалзсан. Даатгалын компани “зээл авах үед Б-гийн цалин өрхийн орлогын 45.1 хувийг эзэлж байсан” гэж татгалзах үндэслэлээ тайлбарласан.
Өмгөөллийн “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН даатгуулагч Б-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 28,444,349 төгрөгийг хариуцагч даатгалын компаниас гаргуулж нэхэмжлэгч Б-д олгохоор шийдвэрлэсэн.
Хэдийд ч, хэнд нь ч тохиолдож болох, эрсдэлийг даатгалын компанид шилжүүлэхээр даатгалын гэрээг байгуулдаг. Тэрхүү эрсдэл буюу даатгалын тохиолдол нь мөн хэзээ ч, хэнд нь ч тохиолдохгүй байж болно. Зээл авах үед зээлдэгч тус бүрийн олж буй орлогын дүн даатгалын тохиолдол бий болох үед өөрчлөгдөж болно. Үндсэн болон хамтран зээлдэгч нар тус бүрдээ амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтаас 100 хувь даатгуулж болно. энэ тохиолдолд даатгалын хураамж нэмэгдэх болно. Эсхүл тэнцүү хэмжээгээр, эсхүл орлогын хувиар, ямар ч сонголт хийж болно. Гагцхүү зээл авах үеийн нөхцөл байдал гэхээсээ илүүтэй тодорхойгүй эрсдэлээс даатгуулагч даатгуулж, даатгагч эрсдэлийг хариуцаж байгаа гэдгийг аль аль талдаа тооцох нь зүйтэй юм. Дээрх тохиолдол эсрэгээрээ бий болох эсэхийг гэрээ байгуулах үед хэн ч мэдэхгүй. Тухайлбал, уг осол М-д биш, Б-д тохиолдсон бол даатгалын тохиолдол бий болох үеийн зээлийн үлдэгдэл төлбөрийн 45.1 хувь буюу 28,444,349,56 төгрөгийг даатгалын компани М-д төлөхгүй байсан нь лавтай. Яагаад гэвэл гэрээнд зааснаар Б-гийн хариуцах хувь 0-тэй тэнцүү.
Дээр дурдсан кэйс Эрхэм уншигч та бидэнд нэг сургамж үлдээснийг цохон дурдах нь зүйтэй. Даатгагч болон даатгуулагч, тэдгээрийн хооронд зуучилж байгаа банкуудын хувьд амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтаас хамгаалах даатгалын гэрээ байгуулах үедээ даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд үндсэн болон хамтран зээлдэгч нарын зээлийн төлбөр хариуцах хувийг маш сайн бодож, тооцоолон гэрээнд даатгуулагч тус бүрийн зээлийн төлбөр хариуцах тодорхой хувийг тусгах шаардлагатай байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Партнер Д.Дүгэржаваас авна уу. Утас: +(976) 99119181, +(976) 11 330048; email: dugerjav@mdsa.mn
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.