Эцсийн өмчлөгч гэж хэн вэ?
2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр, Улаанбаатар хот.
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан.
Эдгээр хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа 194,000 хуулийн этгээд 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө өөрийн эцсийн өмчлөгчийг батлагдсан журам, маягтын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх үүрэг хүлээсэн.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт зааснаас үзвэл эцсийн өмчлөгч гэж “Тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1327 тоот тушаалын хавсралтад тайлбарлахдаа“дийлэнх хэсэг” гэж Мөнгө угаах, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын (FATF)-ын Ил тод байдал ба эцсийн өмчлөгчийн гарын авлага (Guidance on Transparency and Beneficial Ownership)-ын 33-т заасны дагуу тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн 25 ба түүнээс дээш эсхүл хамгийн өндөр хувийг хэлнэ…” гэжээ.
Энд дурдсан Ил тод байдал ба эцсийн өмчлөгчийн гарын авлагын 33-т “….FATF-ын зөвлөмж (FATF recommendation)-ийн 24 дэх хэсэгт хуулийн этгээдийн шийдвэр гаргах эрх бүхий этгээдийг түүний тухайн хуулийн этгээдэд эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээгээр тодорхойлж болно (Жишээлбэл, компанийн хувьцааны 25 болон түүнээс дээш хувийг эзэмшиж буй гэх мэт). FATF-ын зөвлөмжөөр эцсийн өмлөгч доод тал нь хэдэн хувийг эзэмшсэн байвал зохистойг тодорхойлохгүй бөгөөд улс бүр аль нэг төрлийн хуулийн этгээдийн хувьд тодорхойлогдсон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн түвшин, эсхүл эзэмшлийн доод хувь зэргийг харгалзан арилжааны, эсхүл захиргааны хуулиар эцсийн өмчлөгчийг тогтооно” гэсэн байна.
Ямартай ч Улсын бүртгэлийн ерөнхий газар хуульд заасан “дийлэнх” гэдгийг FATF-ын зөвлөмжид жишээ болгож дурдсан “25 хувь” гэснийг шууд хэрэглэн тайлбарласан нь учир дутагдалтай байна.
Монгол улсын хуулиудад “дийлэнх” гэдэг ойлголтыг дангаар нь тодорхойлсон нь саяхныг хүртэл ховор байлаа. Ихэвчлэн “олонхи”, “дийлэнхи олонхи” гэдэг ойлголт түгээмэл бөгөөд Улсын Дээд шүүхээс “олонхи” гэдэг нь хоёрны нэг буюу 50+1 гэж, харин “дийлэнхи олонхи” гэдэг нь гуравны хоёр буюу 66.6 хувиас дээш байна гэж тайлбарлаж иржээ[1]. Компанийн шийдвэр гаргахад ихээхэн нөлөө бүхий байдлыг илтгэх “хяналтын багц эзэмшигч” гэдэг ойлголт байдаг. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт “…компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ…” хэмээн тодорхойлсон байна.
Түүнчлэн УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно…” гэж нэмэлт оруулсан. Хэлэлцүүлгийн явцад “дийлэнх” гэдгийг тайлбарлахдаа “50+1” зарчмыг баримтална гэжээ[2].
Тухайн хуулийн зорилго, зохицуулах харилцааны онцлогоос шалтгаалан олонхи, дийлэнхи, дийлэнхи олонхи гэдэг ойлголтыг хувь эзэмшлийн өөр өөр хэмжээгээр тодорхойлохыг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, 2019 оны Татварын ерөнхий хуульлд “эцсийн эзэмшигч” (эцсийн өмчлөгч гээгүй) этгээдийг тодорхойлохдоо: “…ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг…” хэлнэ гэжээ. Татвар ногдуулах зорилгоор ийм өөр тодорхой хувь тогтоосон байж болох нь хуулиудын уялдаа холбоо, нэгдсэн ойлголт тогтоох, эсхүл уг ойлголтыг яагаад өөрөөр тодорхойлсон учир шалтгаан нь тодорхойгүй байна гэдгийг хуулийн төсөл боловсруулах, төслийн хэлэлцэх, батлах явцад анхаарвал зохистойг дурдах нь зүйтэй байна. Тэгвэл Улсын бүртгэлийн газар нь эцсийн өмчлөгчийг бүртгэх гэж буй гол зорилго нь Мөнгө угаах, терриозмтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой юу? Эсхүл татварын хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой юу? Энэ 2 хуулийн хувьд нэг хувь тогтоох боломжгүй байгаагийн шалтгаан нь юу вэ? Яагаад “эцсийн өмчлөгч”, “эцсийн өмчлөгч” гэж хоёр өөр нэр томъёо хэрэглэсэн бэ? Эцсийн өмчлөгчийн эзэмшлийн доод хувийг компанийн хувьцааны 30 хувь, 33,3 хувь, 50+1 хувийн алинаар нь тогтоох вэ? зэрэг асуултын хариу тодорхойгүй байна. Ямар ч байсан Улсын бүртгэлийн газрын даргын тушаалаар 25 хувь хэмээн тайлбарласан нь хууль зүйн үндэслэлтэй гэж нотлоход бэрхшээлтэй байна. Нэгэнт Улсын бүртгэлийн газар энэ хувийг тогтоосон тул 25 хувийг эзэмшигчийг эцсийн өмчлөгчөөр бүртгэлээ гэж үзэхэд татварын хуулийг хэрэгжүүлэх явцад бүртгэж авсан 25 хувь гэдэг нь ямар ч ач холбогдолгүй болж, 30 болон түүнээс дээш хувийг эзэмшдэг үү гэдгийг тодорхойлохын тулд компанийн хүчин төгөлдөр дүрмийг улсын бүртгэлийн газраас гаргуулж авах гэх мэт чирэгдэл үүсэхээр байна.
FAFT-ийн зөвлөмжөөс үзвэл тодорхой төрлийн хуулийн этгээдийн мөнгө угаах, терроримзыг санхүүжүүлэх эрсдэлийн түвшингээс хамаарч эцсийн өмчлөгчийн эзэмшлийн доод хувийг өөр өөрөөр тогтоох боломжтой байна. Гэсэн хэдий ч манай улсын хувьд зөвлөмжид дурдсаны дагуу мөнгө угаах, терроримзыг санхүүжүүлэх эрсдэлийн түвшин нь ямар төрлийн хуулийн этгээдийн хувьд аль түвшинд байгаа талаар зарим нэг үнэлгээ хийгдсэн гэх сураг байгаа ч албан ёсоор мэдээлж, зарлагдсан буюу эрх зүйн хувьд баталгаажаагүй байна.
Эцсийн өмчлөгчийг бүртгүүлэхтэй холбоотой бидний хөндөж буй энэхүү асуудал жижиг мэт боловч нөгөө айхтар “саарал жагсаалт” гэгчээс гарахын тулд иргэд, хуулийн этгээдэд үндэслэлгүй хүнд суртал, чирэгдэл үүсгэхээргүй, ойлгомжтой тодорхой зохицуулахыг шаардсан асуудлын нэг яах аргагүй мөн. Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлж батлуулахад хуулиудын уялдааг хангах асуудлыг анхаардаггүй, мэргэжлийн бусаар, дураар авирладгийн нэг жишээ ч гэж хэлэхэд хатуудахгүй болов уу.
[1] Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 27 тоот тогтоол
[2] http://www.parliament.mn/n/99jy
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Партнер Д.Дүгэржаваас авна уу. Утас: +(976) 99119181, +(976) 11 330048; email: dugerjav@mdsa.mn
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.