№9 IPO ХИЙСНИЙ ДАРАА
2019 оны 9 дугаар сарын 9-ны өдөр. Улаанбаатар хот.
IPO болсноос хойш долоо хоногийн дараа. Дүгнэлт хийх хурал зохион байгуулах. Хэлцлийн хаалтын өдөр нь ихэвчлэн санал болгох үнийг тогтоосноос хойш 3-5 ажлын өдрийн дараа байхаар товлож, үнэт цаасыг санал болгох гэрээнд заадаг. Хэлцлийн хаалтын өдөр компани үнэт цаасыг андеррайтерт өгч, мөнгөн хөрөнгийг хүлээн авна. Түүнчлэн хараат бум аудиторын гаргасан дүгнэлт, comfort letter, хэлцлийн хаалтын өдрийн талаарх хууль зүйн дүгнэлт зэрэг баримт бичгүүдийг солилцоно.
Хувьцаат компанийн статустайгаар үйл ажиллагаа явуулахад бэлтгэх. Олон нийтийн компани буюу хувьцаат компанийн статустай болсны дараах хэдэн сар бол компанийн цаашдын төлөвшилд шийдвэрлэх ач холбогдолтой үе юм.
Хөрөнгө оруулагчид, зах зээлийн шинжээчдийн хувьд компанийн талаар сайн мэдэхгүй учир тодорхойгүй байдалтай байна гэсэн үг. Дөнгөж ХК статустай болоод байгаа компани мөн үйл ажиллагааны үр дүн, үзүүлэлтүүдээ таамаглах хангалттай туршлага дутагдах талтай. Түүнчлэн зах зээлийн хүлээлтэд хүрээгүйн үр дагавар нь компанид сөргөөр нөлөөлнө. Компани санхүүгийн шинжээчид, хөрөнгө оруулагчидтай үр ашигтай харилцан ажиллаж, хүлээлтийг нь удирдаж чадахгүй бол компанийн хувьцааны ханшид нөлөөлж, зах зээлийн оролцогчдын итгэлийг бууруулна.
IPO амжилттай байх чухал хүчин зүйлсийн нэг нь компанийн санхүүгийн чиг үүрэг, ажлыг зөв зохион байгуулж, санхүүгийн тайланг хугацаанд нь чанартай бэлтгэх зохих чадавх бүхий хүний нөөцийг дайчлах явдал юм. Богино хугацаанд үр дүнд хүрэхийн тулд санхүүгийн мөчлөгийн хаалтыг сар бүр хийхэд гол хүчин чармайлтаа чиглүүлж, дараа нь улирлаар, хагас, бүтэн жилээр санхүүгийн мэдээллээ хувьцаат компанид тавигддаг тодорхой, нарийвчилсан шаардлагын түвшинд бэлтгэх замаар энэхүү зорилгод хүрнэ. IPO-д бэлтгэх процессоос ч өмнө санхүү хариуцсан захиралтай, санхүүгийн дотоод хяналттай болох зэргээр санхүүгийн чиг үүргийн мөн чанарыг тодорхойлсон сайтар бодож боловсруулсан төлөвлөгөөний дагуу зохих түвшинд нь ажиллагаанд оруулсан байх ёстой.
Хөрөнгө оруулагчидтай харилцах зэрэг бусад чиг үүргийг бүр IPO-д бэлтгэх процесст бий болгож, ингэхдээ эхний үе шатанд гаднаас мэргэжилтнүүд ажиллуулж, аажмаар бирж дээр гаргах хугацаа ойртохын хирээр өөрийн гэсэн хөрөнгө оруулагчидтай харилцах албаа байгуулж болно. Хамгийн гол нь яг хэрэгцээтэй үед нь нөөцөө зөв, тэнцвэртэй бий болгох явдал байдаг. IPO хийх эцсийн шийдвэр гарахаас өмнө шинэ мэргэжилтнүүдийг ажилд авах хэрэггүй.
Компани хувьцаат компани болсны дараа зах зээл дэх өөрийн байр сууриа хадгалахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид компанийг сонирхох нь буурвал түүний хувьцааны арилжааны хүрээ хумигдана. IPO хийсний үр дүнд олох ашиг (жишээ нь, хоёрдогч зах зээлд үнэт цаасны хөрвөх чадвар сайжирснаас ашиг нэмэгдэх) компанийн тооцоолж байснаар хэрэгжээгүй бол зах зээл дээрх компанийн хувьцаа эргэлт идэвхтэй явагдахгүй. Ийм учир IPO хийсний дараа хувьцааг үр ашигтай хуваарилах, хувьцааны үнийг тогтоон барих, санхүүгийн шинжээчид болон хөрөнгө оруулагчдын сонирхлыг компанид татах нь чухал ач холбогдолтой. Санхүүгийн салбарт олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжсэн фирмийн дэмжлэгтэйгээр бирж дээр компанийн байр суурийг IPO-ийн дараа хадгалах чиглэлээр стратеги боловсруулж болно. Тэрхүү стратегит компанидаа олон нийттэй харилцах нэг буюу хэд хэдэн ажилтныг ажиллуулахаар шийдвэрлэж болно. Уг ажилтны гол үүрэг бол үнэн зөв, аливаа зөрчилгүй мэдээллийг нийтлэхэд оршино. Хувьцаат компанийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг зах зээл хэрхэн хүлээж авч байна вэ гэдэг нь компанийн хувьцааны ханшийн өөрчлөлтөөр илэрхийлэгдэнэ. Компанийн удирдлагуудын өмнө богино хугацаандаа үйлдвэрлэлийн үр ашгийг хангах болон урт хугацааны зорилтууддаа хүрэх эрмэлзлэлийн хоорондын зөв харьцааг олох амаргүй зорилго тавигдана. Ашгийн үзүүлэлт хүлээгдэж байсан үр дүнгээс доогуур байгаа тухай нийтлэл зэрэг компанийн хувьд таагүй үйл явдал нь хувьцааны үнэд сөргөөр нөлөөлж болно. Гэхдээ компанийн удирдлага гадаад талынхаа хамтын ажиллагааны хүрээнд компанийн үйл ажиллагааны үр дүнг детальчлан тайлбарлаж, санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг хангаснаар зах зээлд оролцогчдын итгэлийг нэмэгдүүлэхэд тус дөхөм болох нь ч бий.
Ашигтай ажиллагаа нь олон нийт компанийг хэрхэн хүлээн авч байгаад нөлөөлдөг цорын ганц хүчин зүйл биш гэдэг нь тодорхой. Компани хувьцаат компанийн статустай болсноос хойш ч IPO хийхээс өмнө хүрэхээр зорьж байсан үзүүлэлт, мөн чанараа хадгалж, сайжруулсаар байх нь чухал юм.
Компани биржид гарсныхаа дараа өөртөө тавих асуултуудаас дурдвал:
- Хөрөнгө оруулагчдын татах, тэдний шаардлагыг хангахад хүрэлцэхүйц тогтвортой өсөлтийн хурдыг компани хангаж байна уу?
- Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлд сайн танигдсан уу, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна уу? Хөрөнгө оруулагчид, харилцагчид, олон нийт эерэгээр хүлээн авах дүр төрхийг компани бий болгох ёстой. Олон нийтийн хандлага нь хувьцааны үнэд нөлөөлдөг учир энэ бол маш чухал. Бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчинд нөлөөлөх зэрэг компанийн нийгмийн хариуцлагын чиглэлийг анхааралдаа авна. Үйл ажиллагааны эдгээр чиглэлээр компани хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй.
- Компанийн удирдлагын үйл ажиллагаа нь үр дүнтэй, компанийг амжилтад хүргэхэд хангалттай байж чадаж байна уу? Компанийн үйл ажиллагааны үр дүн нь түүний удирдлагын хувь нэмрээс ихээхэн шалтгаална. Иймд удирдлагууд нь зохих мэргэшил, чадавхтай, амжилт гаргах хүсэл эрмэлзлэлтэй байх ёстой.
Тайлагнах шаардлагыг хангах. Хөрөнгө оруулагч олон нийтийг мэдээллээр хангах үүднээс хувьцаат компани нь зохицуулагч байгууллагын шаардлагын дагуу тодорхой тайлангуудыг тогтмол хугацаанд нийтлэх үүрэгтэй.
Эдгээр шаардлагыг хангах талаар компани нь онцгой анхаарч, хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон үүрэг, тэдгээрийг биелүүлэх асуудлаар аудтор болон хуулийн зөвлөхүүдтэйгээ зөвлөлдөнө. Шаардлагатай бол тодорхой тайлангийн хэлбэр, агуулга, нийтлэх хугацаа зэргийг нягталж, баталгаажуулах үүднээс хуулийн зөвлөгөө авна.
Санхүүгийн салбарт олон нийттэй харилцах чиглэлээр мэргэшсэн фирмүүд жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хувьцаа эзэмшигч нар тайлагнахад нь компанид дэмжлэг үзүүлж болно.
Ач холбогдол бүхий мэдээллийг тухай бүр нийтлэх. Хувьцаат компани нь ач холбогдол бүхий эерэг болон сөрөг мэдээллийг аль болох шуурхай ил тод болгох үүрэгтэй (хуульд заасан үндэслэлээр уг үүргээс чөлөөлөгдсөнөөс бусад тохиолдолд). Ач холбогдол бүхий мэдээлэл гэдэгт санхүүгийн томоохон хэлцлүүд, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, актив хөрөнгө худалдан авах, худалдах, ногдол ашиг хуваарилах бодлогод өөрчлөлт орсон, компанийн дээд удирдлагын түвшинд өөрчлөлт орох, хяналтыг хэрэгжүүлэгч (хөндлөнгийн аудитор) өөрчлөгдөх гэх мэт хамаарна. Эдгээр мэдээллийг хэвлэлийн мэдээ (press release) нийтлэх хэлбэрээр олон нийтэд хүргэх бөгөөд компани хувьцаа эзэмшигчиддээ илгээх хэлбэрээр хүргэхээр шийдвэрлэж болно. Аль нэг мэдээллийг нийтлэх эсэх асуудлыг ихэвчлэн хуулийн зөвлөхтэйгээ зөвлөлддөг.
Цаашид яах вэ? IPO бол төгсгөлгүй бөгөөд аян замын зөвхөн эхлэл юм. Компани олон нийтийн болсноор олон нийтийн анхаарлын төвд орж, тайлан болон бусад нөхцөл байдлыг ил тод болгох байнгын үүрэг хүлээнэ. Тогтолцооны аливаа дутагдал, дүрэм журмын аливаа зөрчил нь олон нийтийн нүдэн дннр компданийн удирдлагыг “муухай харагдуулж”, түүний ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулж, компани, түүний удирдлага торгуулах, хувьцааны үнэ буурах зэргээр нөлөөлнө. Урьдчилан сайтар бэлтгэж, төлөвлөж чадсаны давуу тал IPO-ийн процесс дууссаны дараа л тодорхой болно.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ:
https://www.pwc.com/mn/en/capital-markets/assets/mn_roadmap_for_ipo_eng.pdf – Road map for an IPO A Guide to going public
https://www.libfox.ru/629603-andrey-mogin-ipo-ot-i-do-o-posobie-dlya-finansovyh-direktorov-i-investitsionnyh-analitikov.html- Андрей Могин – IPO от I до O. Пособие для финансовых директоров и инвестиционных аналитиков
https://www.legalinfo.mn/law/details/9243- Үнэт цаасны зах зээлийн тухай хууль
https://www.legalinfo.mn/law/details/310-Компанийн тухай хууль