№8 Үнэт цаасны танилцуулга бэлтгэх процесс, үнэ тогтоох
2019 оны 9 дугаар сарын 2-ны өдөр. Улаанбаатар хот.
Өмнөх сэдвээр үнэт цаасны танилцуулгын агуулгатай танилцсан бол энэ удаа түүнийг бэлтгэж, боловсруулах, албажуулах, олон нийтэд танилцуулах талаар авч үзэх болно.
Д.Дүгэржав Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм, Партнер
Үнэт цаасны танилцуулга бэлтгэх процесс, үнэ тогтоох.
Үнэт цаасны танилцуулгыг зохицуулах байгууллага шалгах. Зохицуулах байгууллагын холбогдох ажилтнууд тухайн байгууллагаас тавигддаг шаардлагын үүднээс болон ач холбогдол бүхий үйл баримтыг орхигдуулсан, буруугаар илэрхийлсэн эсэхийг тодорхойлох зорилгоор үнэт цаасны танилцуулгад тусгагдсан мэдээлэл бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг шалгадаг. Үнэт цаасны танилцуулгыг зохицуулах байгууллага шалгасны үр дүнд анхааруулга, илэрсэн дутагдал, түүнийг арилгах талаар зөвлөмж өгдөг. Зохицуулах байгууллагын өгсөн анхааруулга, илэрсэн зөрчил бүрийг анхааралтай судалж, Үнэт цаасны танилцуулгыг эцэслэхээс өмнө зөрчил, дутагдлыг арилгах ёстой.
Үнэт цаасны танилцуулгад шинээр нэмж болон засвар оруулан тусгасан мэдээллийн талаар зохицуулах байгууллагаас дахин анхааруулга авах тохиолдол түгээмэл байдаг.Ийнхүү үнэт цаасны танилцуулгыг бэлтгэх ажил өндөрлөсөн тохиолдолд түүний хэвлэлд өгнө. Компани дахин өөрчилж хэвлүүлэх зэргээр өндөр зардал гаргахгүйн тулд үнэт цаасны танилцуулгыг сүүлчийн байдлаар аль болох төгс хийх нь зүйтэй.Үнэт цаасны танилцуулгыг бэлтгэхэд IPO төслийн ажлын хэсэг болон хэвлэлийн ажилтнуудын уулзалт хэд хэдэн удаа, нэлээдгүй хугацаагаар үргэлжлэх нь бий.
Үнэт цаасны урьдчилсан танилцуулга. Үнэт цаасны урьдчилсан танилцуулгыг роуд шоу хийхээс өмнө сонирхогч, боломжит хөрөнгө оруулагч нарт хүргүүлдэг. Үнэт цаасны урьдчилсан танилцуулга нь үндсэн андеррайтерын зүгээс цаашид нийтэд санал болгож буй хувьцааг зах зээлд түгээх андеррайторуудын синдикит байгуулах гол хэрэгслүүдийн нэг юм.
Хөрөнгө оруулагчидтай хийх уулзалт (роуд-шоу). Компанийн тухай боломжит хөрөнгө оруулагч нарт танилцуулахын тулд андеррайтор роуд-шоу гэж нэрлэдэг брокерууд, хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг зохион байгуулдаг. Эдгээр уулзалтад ихэвчлэн үнэт цаас гаргагч компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүд, мөн санхүү хариуцсан захирал оролцдог. Үнэт цаасыг олон улсад гаргаж байгаа бол ийм уулзалтыг хэдэн улс, бүс нутагт хийнэ. Компанийн удирдлагууд энэхүү уулзалтад сайтар бэлтгэсэн байх нь маш чухал. Үнэт цаасны танилцуулга “өөрөө ярьчихна” гэж найдах хэрэггүй, өөрөөр хэлбэл, компанийн удирдлагууд тухайн компанийн онцлогтой холбоотойгоор хөрөнгө оруулагчдын зүгээс тавих боломжтой асуултуудыг урьдчилан тооцоолж, тэдгээрт хариулт өгөхөд бэлэн байх ёстой. Компанийн удирдлага танилцуулгаа хийхдээ нөхцөл байдлыг итгэл үнэмшилтэйгээр тайлбарлах болон боломжит хөрөнгө оруулагч нарын асуултад хариулт өгөх чадвар нь IPO-г амжилттай өндөрлөхөд нөлөөлөх шийдвэрлэх хүчин зүйлүүдийн нэг юм. Роуд шоу бол компани хувьцаагаа амжилттай арилжихад чиглэсэн гол ажил бөгөөд роуд шоуны үеэр л компанийн удирдлага компанийнхаа хувьцаанд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадна.
Үнийн талаар хэлэлцэх, үнийг эцэслэн тогтоох, хувьцааг санал болгох гэрээнд гарын үсэг зурах.
Үнийн талаарх хэлэлцээр, хувьцааг санал болгох эцсийн үнийг эцэслэн тогтоох, андеррайтерын комиссын хэмжээ, үнэт цаас гаргагчид орох мөнгөний цэвэр дүн зэрэг нь компанийн үйл ажиллагааны өмнөх болон одоогийн үзүүлэлт, хөрөнгийн зах зээлийн одоогийн нөхцөл байдал, роуд шоуны үеээр хувьцааны сонирхол татсан шинж чанар зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Санал болгох үнийг тогтоохдоо андеррайтерууд ашиг болон мөнгөн урсгалын үзүүлэлтүүдийг төсөөтэй компаниудын харгалзах үзүүлэлтүүдтэй харьцуулдаг. Эдгээр үзүүлэлтүүдийг хамгийн сүүлийн тодорхой хугацааны компанийн үйл ажиллагааны үр дүн, эсхүл компанийн өсөлтийн хандлагын үндсэн дээр ирээдүйн ашгийг таамаглахад хэрэглэнэ.
Андеррайтер нь хөрөнгийн бирж дээр гарсан, тухайн үнэт цаас гаргагч компанитай жишиж болох бусад компанийн хувьцааны үнийг ч мөн судалдаг. Өөр нэг зайлшгүй авч үзэх чухал асуудал нь IPO хийсний дараах тухайн компанийн хувьцааны үнийг таамаглал юм. Энэ нь арилжаа хийснээс нэлээд хугацааны дараа хувьцааны үнэ хоёрдогч зах зээлийн үнийн түвшинд тогтоогддог ба санал болгох үнийг тогтоохдоо ихэвчлэн IPO хиймэгц шууд үнэ бага зэрэг өсдөг болохыг тооцдог гэсэн үг юм. Хэрэв хувьцааг түүний үнийн хэлбэлзлийн дээд хязгаарын түвшнээр санал болговол хөрөнгө оруулагчид хангалттай ашиг олохгүй бөгөөд энэ нь хоёрдогч зах зээл дээр үнэ доошилж, арилжааны идэвх саарна гэсэн үг.
Харин үнийн хэлбэлзлийн доод хязгаарын түвшинээр санал болговол IPO ийн дараа үнэ огцом өснө, өөрөөр хэлбэл компани, эсхүл хувьцаагаа худалдаж байгаа хувьцаа эзэмшигчдийн хувьд үндсэндээ алдагдсан боломж гэсэн үг. Андеррайтертай хэлэлцээр өндөрлөсний дараа (ихэвчлэн роуд шоуны үеэр, эсхүл төгсгөлөөр) хувьцаа санал болгох гэрээнд андеррайтер болон компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурдаг. Үүнтэй нэгэн зэрэг үнэт цаасны танилцуулгад нөхцөл байдлаас шалтгаалан санал болгох үнэ, андеррайтерын комисс, хөнгөлөлт, IPO-ийн дараа үнэт цаас гаргагчийн авах мөнгөний цэвэр дүн зэрэг сүүлчийн өөрчлөлтийг оруулна.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ:
https://www.pwc.com/mn/en/capital-markets/assets/mn_roadmap_for_ipo_eng.pdf – Road map for an IPO A Guide to going public
https://www.libfox.ru/629603-andrey-mogin-ipo-ot-i-do-o-posobie-dlya-finansovyh-direktorov-i-investitsionnyh-analitikov.html- Андрей Могин – IPO от I до O. Пособие для финансовых директоров и инвестиционных аналитиков