Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

№3 Хөрөнгийн биржид гарахын давуу ба сул тал

2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр. Улаанбаатар хот.

БИРЖИД ГАРАХЫН ДАВУУ БА СУЛ ТАЛ

Эхлээд биржид гарахын гол давуу талуудыг авч үзье.

1. Урт хугацааны эх үүсвэр буюу мөнгөн хөрөнгийн хэмжээ нэмэгдэнэ – Компани нь өсөлт бий болгох, эргэлтийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх, судалгаа шинжилгээний ажлыг өргөтгөх, дахин санхүүжүүлэх, өрийн ачааллыг багасгах болон бусад зорилгоор хөрөнгө татдаг.

2. Компанийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэнэ –  хөрвөх чадвар өндөр, нээлттэй эх сурвалжаас мэдээллийг нь авах боломжтой, зах зээлийн үнэлгээг нь тодорхойлоход хялбар зэргээс үүдэн хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ нь түүнтэй адилтгах хувийн компанитай харьцуулахад ихэвчлэн өндөр байдаг.

3. Нийлэх, нэгдэх – хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасны дараа үнэт цаасны зах зээлд чөлөөтэй эргэлдэж буй хувьцаа нь бусад компанийн зүгээс нийлэх, нэгдэх валют байдлаар ашиглах хэрэгсэл болдог.

4. Хөрвөх чадварыг нэмэгдүүлнэ – хувьцаа эзэмшигчид нь компанийн хувьцааны харьцангуй өндөр хөрвөх чадвар болон хувьцааны үнийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой. Тодорхой хугацааны дараа хувьцаа эзэмшигчид нь хүссэн үедээ эзэмшиж буй хувьцаагаа бүхэлд нь буюу зарим хэсгийг худалдах, эсхүл зээлийн барьцаа болгон ашиглах боломжтой.

5. Гол мэргэжилтнүүдээ идэвхжүүлэх боломж – Компанийнхаа хувьцааг эзэмших эрх олгох замаар гол мэргэжилтнүүдийнхээ урт хугацаанд тогтвортой ажиллах сонирхлыг идэвхжүүлдэг.

6. Компанийн имиджийг нэмэгдүүлнэ – биржээ зөв сонгож, хувьцаагаа зах зээлд гаргаснаараа компани нь зах зээлд илүү танигдаж, өөрийн брэндийг зах зээлд таниулах, цаашилбал олон улсын түвшинд танигдах болон сонирхогч талуудын компанид итгэх итгэлийг нэмэгдүүлэх давуу талтай.

Биржид гарахтай холбоотой хүндрэлтэй асуудлын талаар товч авч үзье.

IPO бол амаргүй бөгөөд төвөгтэй ажил. Түгээмэл гардаг алдаа гэвэл бирж дээр гарах бэлтгэл хангахад шаардлагатай хугацаагаа буруу тооцоолох,  хувийн бизнесээс хувьцаат компани болж өөрчлөн байгуулагдах нарийн ширийн асуудлыг дутуу үнэлэх явдал байдаг.

1. Төлөвлөлт, бэлтгэлээ сайн хангах – IPO-д зохих ёсоор бэлтгэхийн тулд ихэнх компаниуд  маш их ажил хийх хэрэгтэй болдог. Хэрэв бирж дээр гарах тохиромжтой үеийг хянахад компанид төвөгтэй байдаг бол тэрээр харин IPO-д бэлтгэх ажлаа бол хянах боломжтой. Компанийн удирдлага IPO хийхээр төлөвлөж байгаа бол аль болохоор эртхэн төлөвлөгөөгөө хэлэлцэх уулзалтуудаа  зохион байгуулах нь зүйтэй.

2. IPO-д бэлтгэл үе шатан дахь удирдлагын идэвхтэй оролцоо IPO-д бэлтгэх үйл явц нь компанийн дээд удирдлагуудаас ихээхэн цаг зарцуулахыг шаарддаг учир тэд өдөр тутмын үүргээ гүйцэтгэхэд зарцуулдаг цагаа багасгах хэрэгтэй болно. Иймээс тэд өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудлаа шийдвэрлэхгүй орхигдуулах, эсхүл IPO-д бэлтгэхэд хангалттай цаг зарцуулж чадахгүй байх эрсдэл өндөр байдаг.

3. Нууцад хамаарч байсан мэдээллийг ил тод болгох – ХХК-тай харьцуулахад ХК-д мэдээллээ ил тод болгохтой холбоотой илүү нарийн шаардлага тавигддаг бөгөөд жишээ нь, бүтээгдэхүүн болон сегментээр үйл ажиллагааны үр дүнг багтаасан санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэл, компанийн удирдлага, удирдах байгууллагын гишүүдийн цалин, урамшууллын хэмжээ, удирдлага болон гол хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь хэмжээ гэх мэт өмнө нь тухайн компани нууцад хамааруулж байсан мэдээллүүдийг үүргийнхээ дагуу нийтэлснээр өрсөлдөгч, харилцагч, хэрэглэгч, ажилтнуудад тэдгээр мэдээлэл нээлттэй болдог.

4. Компанийн үйл ажиллагааны үр дүнгийн  талаар хүлээлт үүснэ – ХХК буюу бизнесийг өмчлөгч бол өөрийн хүссэнээр буюу хэрэгтэй гэж үзсэнээрээ компанийн үйл ажиллагааг удирддаг. Компани олон нийтийн болмогц бизнесийг өмчлөгч\удирдлага маань ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тоотой тэнцүү хэмжээний хамтрагч (partner)-тай болж, тэдэнд үйл ажиллагаагаа тайлагнах хэрэгтэй болдог. Хөрөнгө оруулагчид, шинжээч нар борлуулалтын хэмжээ, ашиг, зах зээлд эзлэх хувь, түүнчлэн шинэ бүтээгдэхүүний нэр төрлийг байнга нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байх магадлалтай. Тийм учраас олон нийтийн болсон компанийн удирдлага нь байнгын дарамт шахалтын дор богино хугацаандаа өсөлттэй ажиллахын зэрэгцээ урт хугацааны зорилтод чиглэсэн стратегийн шаардлагыг хангахын төлөө ажиллах шаардлагатай болдог.

5. Одоогийн хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа худалдахыг хязгаарлахIPO гаргаснаас хойш lock up period буюу одоогийн хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа худалдахгүй байх тодорхой хугацаа тогтоодог. Зарим хөрөнгийн биржийн хувьд үүнийг биржийн шалгуур болгон тогтоосон байдаг бол ихэвчлэн практикаар тодорхойлох нь бий.

6. Хөрөнгө оруулагчидтай харилцах – хөрөнгө оруулагчдын асуултад хариулах, хөрөнгө оруулагчдын хүрээнд танилцуулга хийх,  жилийн болон санхүүгийн бусад тогтмол тайланг  нийтлэх, хувьцаа эзэмшигчдэд хүргүүлэх зэрэг нь удирдлагын зүгээс ихээхэн цаг зав шаарддаг. Зарим тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан нэмэлт хүн ажиллуулах, хөрөнгө оруулагчидтай харилцах албаны зардал, нөөцийг нэмэх  хэрэгцээ ч үүсдэг.

7. Өрсөлдөгчдийн зүгээс хүсээгүй худалдан авалт хийх –хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжигддаг байна гэдэг нь компани өөрийн хөрөнгө оруулагчдын суурийг хянах боломжийг хязгаарладаг бөгөөд өрсөлдөгчийн зүгээс хүсээгүй худалдан авалт хийж, компанийг залгих эрсдэлийг үгүйсгэдэггүй.

8. Буцааж үл болох үйл явц – биржид гарах нь нэг чиглэлтэй зам л  гэсэн үг. ХК – аас буцаад ХХК болох үйл явц нь туйлын төвөгтэй бөгөөд зардал өндөртэй байдаг.

9. Хөрөнгө оруулагчид ямагт санхүүгийн эерэг үзүүлэлтийг хүлээх магадлалтай бөгөөд санхүүгийн байдлаа тогтмол тайлагнана –санхүүгийн төвөгтэй асуудлууд, санхүүгийн тайлагналын шинэ стандартад шилжих, нийтэд мэдээлбэл зохих нэмэлт мэдээллийг өгөх   зэрэг өмнөх жилүүдийн санхүүгийн тайлагналаас ялгагдах нөхцөлүүдийг сайтар ойлгох нь чухал. Санхүүгийн тайлангаа хугацаанд нь гаргаж, нийтлэх хатуу шаардлага тавигддаг. Тайлан гаргах давтамж, гаргах хугацаа их шахуу байх бөгөөд  мэдээллийг нээлттэй болгох журмыг зохицуулах байгууллагаас нарийвчлан тогтоодог.

10. Ямар бирж, биржийн талбарыг сонгох вэ?Бирж  бүр түүний талбарт үнэт цаас санал болгоход өнгөрсөн хугацааны ашгийн түвшин, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, зах зээлийн үнэлгээ, үнэт цаасыг санал болгосны дараах хувьцаа эзэмшигчдийн тоо, компанийн засаглалын чанар, тухайн салбарын тусгай нөхцөлүүд гэх мэт шалгуурыг хангасан байхыг шаарддаг. Үнэт цаасаа гаргах гэж байгаа компани өөрийн бүх нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр өөрт хамгийн тохиромжтой биржийн талбарыг сонгох нь зүйтэй.

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ: 

https://www.pwc.com/mn/en/capital-markets/assets/mn_roadmap_for_ipo_eng.pdf – Road map for an IPO A Guide to going public

https://www.libfox.ru/629603-andrey-mogin-ipo-ot-i-do-o-posobie-dlya-finansovyh-direktorov-i-investitsionnyh-analitikov.html- Андрей Могин – IPO от I до O. Пособие для финансовых директоров и инвестиционных аналитиков

Leave a Reply

%d