
ХУУЛЬЧ Д.Дүгэржав: GoGo.mn сайтаар дамжуулан хөрөнгийн зах зээл болон IPO-гийн талаар мэдээлэл өгнө
-Хамгийн сүүлд Монос хүнс компани хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж, хувьцаа нь амжилттай арилжигдлаа. ААН-үүд, иргэд ч хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлж байх шиг байна?
-Сүүлийн үед ялангуяа залуучууд хөрөнгийн зах зээлийг маш их сонирхож байна. Хувьцааны талаар илүү ойлголттойгоор энэ зах зээлийг сонирхож оролцож байна. 2015 оноос хойш Монголын 10 гаруй компани хувьцаагаа гаргалаа. Хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө шинэ үе рүү орж байна. Аж ахуйн нэгжүүд хувьцаа гаргахдаа Хөрөнгийн бирж, СЗХ-нд бүртгүүлнэ. Энэ нь олон нийтээс хөрөнгө татах боломжийг бүрдүүлэх том процесс бөгөөд IPO буюу Initian Public Offering гэж нэрлэдэг. Компанийн эзэд бизнесээ өргөжүүлэх, илүү дэвшилтэт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлье гэхэд санхүүжилт хэрэгтэй.
Банкнаас зээл авч болно, хөрөнгө оруулалт татах өөр нэг хувилбар нь хөрөнгийн бирж дээр гарах юм. Банкнаас мөнгө зээлбэл хүүтэй нь тодорхой графикаар, эсвэл хугацааны эцэст буцааж төлнө. Хувьцаа гаргаж, түүнийгээ олон нийтэд санал болгон арилжсан бол үнэт цаас гаргагч уг санхүүжилтийг тодорхой хугацааны дараа төлнө гэсэн амлалт өгөхгүй бөгөөд хувьцааг авсан хүмүүс бүгдээрээ энэ компанийн хувьцаа зэмшигч буюу хөрөнгө оруулагчид болно. Компани амжилттай ажиллахад ногдол ашиг хүртэнэ. Түүнчлэн хувьцааны үнийн өсөлтөөс ашиг олох боломжтой.
-Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж буй компани ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?
Хувьцаагаа олон нийтэд санал болгохын тулд үнэт цаасны танилцуулга бэлтгэнэ. Түүнд тусгавал зохих мэдээллийг хууль, журмаар тодорхойлсон байдаг түүнд үндсэндээ тус компанийн амлалт, үүргийг тодорхойлно. Татсан хөрөнгийн эх үүсвэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх хариуцлагын өмнө ирнэ. Олны хөрөнгөөр бизнесээ өргөжүүлэх боломж гарч байгаа учир маш нарийн шаардлагуудыг хангах хэрэгтэй болно. Хамгийн гол нь мэдээлэл, компанид болж байгаа үйл явдал, санхүүгийн үзүүлэлтүүд олон нийтэд ил тод байх ёстой.
Хувьцаа гаргасан компани татсан хөрөнгийн эх үүсвэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх хариуцлагын өмнө ирнэ. Олны хөрөнгөөр бизнесээ өргөжүүлэх боломж гарч байгаа учир маш нарийн шаардлагуудыг хангах хэрэгтэй болно.
Улирал тутамд санхүүгийн тайлангаа гаргаж, Хөрөнгийн биржийн болон компанийнхаа вэб сайтад тавьж мэдээлэл өгөх үүрэгтэй. Өсөлт, бууралт санхүүгийн байдал ямар байгаа нь эндээс харагдана. Түүнээс гадна гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо, зах зээлийн нэр хүндтэй лидер удирдагч ТУЗ-д орж ажиллах боллоо, томоохон гэрээ байгууллаа, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүллээ, үйлдвэрээ нээлээ гэх мэт мэдээлэл маш чухал. Мөн компанийн эсрэг маргаан үүслээ гэхэд тэр маргааныг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг мэдээлэл хувьцааны ханшинд нөлөөлдөг. Тэгэхээр илүү ил тод, олон нийтийн хяналтанд байна гэсэн үг.
-Компаниуд хөрөнгийн биржид бүртгэлтэй болох нь улс орны эдийн засагт ямар нөлөөтэй вэ?
-Компанийн засаглал сайжирна. Олон нийтийн болно. Дотоодын томоохон компаниуд хөрөнгийн биржид бүртгэлтэй болно гэдэг эдийн засгийг эрүүлжүүлж, цэвэршүүлэх ач холбогдолтой. Яагаад гэвэл хөрөнгийг ямар зориулалтаар зарцуулаад, ямар үр дүнд хүрэв гэдэг нь олон нийтэд ил болоод ирэхэд далдуур мөнгө авлигад зарцууулагдахгүй, буруу гарын мөнгө компанид орж ирэхгүй. Энэ мэт давуу тал, мэдээллийн ил тод байдлаараа эдийн засгийг цэвэршүүлэх чухал ач холбогдолтой.
Монголд анх 1991 онд өмч хувьчлал явагдаж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчилж эхэлсэн. Тэр үед иргэд цэнхэр, ягаан тасалбар авсан энэ талаар ойлголтгүйгээс хувьцааныхаа үр ашгийг хүртэж чадаагүй хүн олон байдаг гэдэг. Тэр хүмүүст Та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тухайн үед аав, ээж нь хүүхдүүдийнхээ цэнхэр, ягаан тасалбарыг аваад хувьцааныхаа тэдийг Говь-д, тэдийг АПУ-д гэх мэтээр шийдвэрээ гаргаж, бүртгүүлсэн байгаа. Захиалсных нь дагуу тухайн үеийн Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв гэж байгууллага хүн бүрийн нэр, регистрээр тийм компанийн тэдэн хувьцаа эзэмшиж байна гэж бүртгэсэн байдаг. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn цахим хуудсаар орж регистрийн дугаараараа хайвал тухай үед цэнхэр тасалбараараа авсан таны хувьцаа бүртгэлтэй хэвээрээ байхаас гадна “Эрдэнэс Тавантолгойн” 1072 хувьцаа мөн бүртгэлтэй байгааг мэдэж болно.
1991 онд хувьчлал явагдсанаас хойш өнөөг хүртэл 30-аад жилийн хугацаанд нэг ч удаа дансаа шалгаагүй хүн байдаг. Таны хувьцааг Төвлөрсөн хадгаламжийн төв тоо ёсоор нь, хэрэв тухайн компани ногдол ашиг хуваарилсан бол ногдол ашгийн мөнгөнийх нь хамт хадгалж байгаа.
Хэрэв танд тус төв дээр тийм данс байхгүй бол үйл ажиллагаа явуулж байгаа үнэт цаасны компаниудын мэдээллийг танд танилцуулна. Өөртөө ойр байгаа ч юм уу, эсхүл өөр хүссэн шалгуураараа үнэт цаасны компаниа сонгож хандан үнэт цаасны дансаа нээлгэж, 1072 хувьцаагаа бүртгүүлэх хэрэгтэй. Хувьчлал явагдсанаас хойш өнөөг хүртэл 30-аад жилийн хугацаанд нэг ч удаа дансаа шалгаагүй хүн байдаг. Таны хувьцааг Төвлөрсөн хадгаламжийн төв тоо ёсоор нь, хэрэв тухайн компани ногдол ашиг хуваарилсан бол ногдол ашгийн мөнгөнийх нь хамт хадгалж байгаа. Хувьцаа эзэмшигчийн боловсрол муу байгаагаас хувьчлалын үр дүнд бий болсон хувьцаат компаниудын хяналтын багц эзэмшигчдийн нөгөө хэсэгт олон мянган идэвхгүй хувьцаа эзэмшигчид байдаг. Үүнийг би “бөглөрөл” гэж нэрлэдэг. Үүнийг задлах хэрэгтэй байна.
Эзэд нь дансаа идэвхижүүлж, хувьцаагаа зарах, ашигтай бол хувьцаа авах зэргээр эзний ёсоор хандвал хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орно. Тодорхой тооны казах иргэд Казахстаны иргэншил аваад явсан байж магадгүй, өндөр настай хүмүүс нас барсан байж ч болно. Гэтэл өв залгамжлагч нь ч ирдэггүй. Хувьчлалаар үүссэн хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцийг авч үзвэл “бөглөрөл” үүсгэсэн олон зуу, мянган жижиг хувьцаа эзэмшигчдийн нөгөө талд 66.7-98 орчим хувийг нэгдмэл сонирхолтой хүмүүс төвлөрүүлсэн байдаг. Манай Монголын хөрөнгийн биржийн хөгжил энэхүү “төвлөрөл”, “бөглөрөл”-ийн асуудлыг яаж шийдвэрлэхээс тодорхой хэмжээгээр шалтгаалах юм шиг санагддаг. Энэ бол тусдаа сэдэв болох байх.
-Хувьцаат компаниуд хурлаа хийх зар тавьсан байдаг ч хуралд нь том хувьцаа эзэмшигчид л очихоос цөөн тооны хувьцаатай иргэд бараг очдоггүй гэх шүүмжлэл байдаг юм билээ?
-Тухайн хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зарлаад байхад хувьцаа эзэмшигчид хуралдаа ирдэггүй нь үнэн. Компанийн засаглалын зарчмууд гэж бий, түүний нэг нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудал. Гэвч манай жижиг хувьцаа эзэмшигч өөрийгаа хувьцаа эзэмшигч гэдгээ мэдэж, өмчлөгчийнхөө үүргийг биелүүлэх хэрэгтэй. Өмчлөгч хүн хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдлыг хангах, тийнхүү хангахад зардал хэрэгтэй бол тэр зардлыг хариуцах үүрэгтэй, хөрөнгөө удирдах, захиран зарцуулах, хөрөнгийнхөө үр шимийг хүртэх эрхтэй.
Төрийн өмчийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв өмч хувьчлалын дүнд авсан хувьцааг нь бүрэн бүтэн хадгалж байна, хувьцаа эзэмшигч, түүний өв зөлгөмжлагчид үүнд эзний ёсоор хандах хэрэгтэй байгаа юм. Жижиг хувьцаа эзэмшигч нар хуралдаа ирэхгүй оролцохгүй байгаа нь том хувьцаа эзэмшигчид ашигтай байгаа юм биш. Харин ч нэмж хувьцаа гаргах, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өөрчлөгдөх асуудлыг шийдвэрлэлээ гэхэд ирэхгүй байгаа нөхдийн төлөө цаг, мөнгөө зарцуулах шаардлагатай болдог.
-Та хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн хуульч уу?
-Сүүлийн 10 гаруй жилд энэ чиглэлээр түлхүү ажиллаж байна. Би 1982 онд Ташкентийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Прокурорын байгууллагад мөрдөн байцаагчаас эхлээд 10 жил ажилласан. Тэр үеийнхээр районы мөрдөн байцаагчаас эхлээд Улсын прокурорын газрын хэлтсийн дарга хүртэл ажилласан. Прокурорт бол эрүүгийн чиглэлээр мэргэшихээс биш салбарын нарийн хуулиуд руу ордоггүй. Би эрүүгийн чиглэлээр нэлээд юм үзлээ. Арай шинэлэг юм үзье гээд Хууль зүйн яаманд орж, социалист системээс зах зээл рүү шилжих үеийн Иргэний хуулийн төслийг боловсруулах ажилд оролцсон. Иргэний хууль боловсруулах Ажлын хэсэгт хоёр жил гаруй ажиллаж, уг хууль 1994 оны 11 дүгээр сард батлагдсан.
Иргэний хууль бол эдийн засгийн харилцааны гол хууль л даа. Хуулиа батлуулсны дараа энэ чухал хуулийг хүмүүст хүргэх хэрэгтэй юм байна гэж үзээд багшлахаар шийдсэн. Тэр үеийн Эдийн засгийн коллежийн багш болоод Бизнесийн эрх зүй гэдэг хичээл заалаа. Мөн Санхүү-банкны эрх зүй, Татварын эрх зүй, Олон улсын хувийн эрхзүйн хичээл заасан. Тэр үед бакалаврын өдрийн ангиас гадна орой, эчнээ ангийн ажиллаж байгаад ирсэн, хэрэгцээгээ илүү мэдэрсэн хүмүүс сурдаг байлаа. Хуульч хүний хувьд ”Шихихутаг“ хууль зүйн сургуулийн эхний 10-аад төгсөлтийн оюутнуудад Татварын эрх зүй, Санхүү, банкны эрх зүй хичээлүүдийг заасан. Багшлах хугацаандаа хэд хэдэн сурах бичиг бичсэн, хуулийн төсөл боловсруулах зэрэг зарим төсөл дээр ажилладаг байлаа.
Гадаадын хөрөнгө оруулагчид хуулийн зөвлөхгүйгээр нэг ч алхам хийдэггүй.
-Та Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга хийж байсан байх аа?
-Санхүү эдийн засгийн дээд сургуульд 12 жил ажиллаад, сүүлдээ Дэд захирал болсон. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж 2006 онд Санхүүгийн зохицуулах хороо шинээр байгуулагдлаа. СЗХ бол банкнаас бусад санхүүгийн байгууллагуудыг хянах, зохицуулах чиг үүрэгтэй төрийн зохицуулалтын шинэ байгууллага юм. СЗХ байгуулагдахад орон тооны гишүүн буюу дэд даргын албан тушаалд УИХ-аас томилогдон бүрэн эрхийн хугацаагаа дуустал таван жил ажилласан. Санхүүгийн зохицуулах хороонд үнэт цаасны зах зээлийг хариуцан ажиллаж байсан минь энэ чиглэлээр мэргэшсэн хуульч болоход нөлөөлсөн дөө. Бүрэн эрхийн хугацаа ч дууслаа.
Тэр үед “Шихихутаг” дээд сургууль төгссөн Ж.Майзориг, П.Сугарням гэж миний хоёр шавь ирээд “Багш аа, та одоо хувийн хэвшилд ажилла. Гурвуулаа хамтраад хуулийн фирм байгуулъя. Хуулийн бизнес Монголд их эрэлттэй байна. Гадаадынхан Монголд хөрөнгө оруулалт хийж байна, тэдэнд Монголын хуулийн зөвлөгөө хэрэгтэй байна. Монголын компаниуд ч аливаа талтай хамтран ажиллахдаа хуулийн дагуу ажиллахад бид туслах хэрэгтэй” гэж хэлсэн. Ингээд шавь нартайгаа хамтарч MDSKhanLex фирмийг байгуулсан. MDS гэдэг нь бид гурвын нэрний эхний үсэг. Гурвуулаа дарааллаа шодсон чинь хоёр шавь миний хоёр талд таарсан. Фирм маань өргөжиж шинэ партнерууд нэмэгдсэн учир одоо энэ нэрийг нэг их ярих нь ач холбогдолгүй болсоон.
-Та одоо GoGo.mn сайтаар дамжуулан иргэд, ААН-үүдэд хөрөнгийн зах зээлийн талаар эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх гэж байна.
-Иргэн, хуулийн этгээд эрх зүйн зөвлөгөөг яг өөрт тохиолдсон үйл явдлын талаар юм уу, шийдвэр гаргах хэрэгцээтэй үедээ авдаг. Харин эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөх бол өөр хэрэг. Тэхээр би танай сайтаар дамжуулж мэдээлэл өгнө. Зөвлөгөө биш. Мөн энэ сэдвийн хүрээнд уншигчдаас асуулт ирвэл дуртайяа хариулах болно. Хуульч хүний хувьд надад нэг сонин хувь заяа байна. Эхлээд би Эрүүгийн хуулиар мэргэшсэн, прокурорт ажилласан. Дараа нь эдийн засгийн харилцааны хуулиуд дээр түлхүү ажилласан. 1994 оны Иргэний хуулийн дараа жинхэнэ зах зээлийн харилцааг зохицуулах зорилготой, одоо хүчин төгөлдөр байгаа Иргэний хууль 2002 онд батлагдсан. Энэ сүүлийн хоёр удаагийн Иргэний хуулийн төсөл боловсруулахад Хууль зүйн яамны ажлын хэсэгт ажилласан. Дараа нь хуулийн тайлбарын хамтран зохиогчоор оролцсон. Эргээд харахад ажлынхаа хажуугаар олон нийтэд эрх зүйн боловсрол олгох талаар багагүй хөдөлмөрөө зориулсан байдаг.
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд хууль эрх зүйн ойлголт өгөх 1-10 дугаар ангийн бүх насны хүүхдэд зориулсан хуулийн гарын авлага боловсруулах “Соросын сан”-гийн санхүүжилттэй төсөл дээр 2-3 жил ажиллаж, хүүхдэд хуулийг ойлгуулах, дэг журамтай байхаас эхлээд ахлах ангид бол гэмт хэрэг гэж юу юм, бусдад гэм хор учруулбал хуулийн хариуцлага хүлээдэг тухай, мөн бизнесийн эрх зүйн ойлголт өгөх хүртэл агуулга бүхий цуврал сурах бичиг, багшийн гарын авлага боловсруулах, түүнийгээ орон нутгаас ирсэн багш нарт заах ажилд оролцсон. Үүний дараа Хууль зүйн яам Нээлттэй нийгэм хүрээлэн (Соросын сан)-тэй хамтран насанд хүрэгчдэд зориулсан эрх зүйн хөтөлбөр хэрэгжүүлж, мөн л суралцагчийн болон багшийн ном гаргаж, уг номыг заах багшийг бэлтгэхэд оролцсон.
Хууль зүйн яамнаас гаргасан номын ерөнхий редакторын хувьд хамтран зохиогчдын уг бүтээлд “Эрх зүйн хөтөч” гэж нэр өгсөн, одоо ч үндэсний телевизийн эрх зүйн нэвтрүүлэг ийм нэртэй байгаа. СЗХ-нд очсоны дараа мөн л Нээлттэй нийгэм хүрээлэнгийн дэмжлэгээр иргэдэд санхүүгийн боловсрол, хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт өгөх “ Санхүүгийн хөтөч” гарын авлага боловсруулах ажлыг удирдаж оролцсон байдаг. Одоо хөрөнгийн зах зээл, IPO хийх талаар цахим орчинд олон нийтэд мэдээлэл өгөх нь иргэдийн насан туршийн боловсролын төлөө хийдэг ажлын минь үргэлжлэл болох юм шиг байна.
-Компаниудын хувьд хуулийн зөвлөгөө авах нь өнөө цагт маш чухал байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Гадаадын хөрөнгө оруулагчид хуулийн зөвлөхгүйгээр нэг ч алхам хийдэггүй. Манай үйлчлүүлэгчид төрийн өмчийн компани, төрийн байгууллагуудаас эхлээд олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн томоохон компаниуд байдаг. Тухайлбал, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, сүүлийн үед IPO хийсэн Лэнд МН ББСБ, Түмэн шувуут гэх мэт нэрлэж болно.
Хуулийн фирмүүдийн чанар чансааг үнэлдэг олон улсын сэтгүүлүүд байдаг. Мэргэжлийн үйл ажиллагааны чансаагаараа “ЭмДиЭс ХаанЛекс” фирм ямар түвшинд үнэлэгдэж байна вэ?
-Хуулийн фирмүүдийн үйл ажиллагаа, хуульчийн чадвар чансааг үнэлдэг олон улсын мэргэжлийн сэтгүүлүүд бий. “Legal 500”, “Chambers”, “Asia Lаw“ сэтгүүлүүдэд тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй хуульчид болон хуулийн фирмүүдийн мэдээллийг цуглуулж, тусгай асуулт боловсруулж, мэдээлэл авах, ярилцлага хийх зэргээр Монголд энэ чиглэлийн ямар хуулийн фирм, хуульчийг та нэрлэх вэ? гэх мэтээр хариулт авна, бидний харилцагчид руу захидал бичиж харилцагчдаас тандаж судлах гэх мэтээр бие даасан судалгаа хийж, үнэлгээг нь сэтгүүлдээ гаргадаг.
Манайх энэ сэтгүүлүүдэд рейтингээрээ сүүлийн жилүүдэд байнга бичигдэж байгаа. Чансаагаараа эхлээд гуравдугаарт орж байсан бол одоо нэгдүгээр түвшинд бичигдэх болсон. Тэгэхээр Монголд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа, эсхүл монголын хуулиар ямар нэгэн туслалцаа, зөвлөгөө шаардлагатай байгаа бол манайд ханддаг. Одоо ч мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд улс орны хил хязгаар, цагийн зөрүүгээр үл хязгаарлагдан ажиллах сайхан боломж бүрдсэн байна даа.
Эх сурвалж: Gogo.mn
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Партнер С.Батбуянаас авна уу. Утас: +(976) 11 330048; email: dugerjav@mdsa.mn
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй