Сидлей Аустин хуулийн фирмийн партнер Дэвид Патрик Рони Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр шагнууллаа
2017 оны 2 дугаар сарын 21-ны өдөр. Улаанбаатар хот. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр “Арбитрын тухай хууль ба олон улсын стандарт” сэдэвт олон улсын хуралд хүрэлцэн ирж оролцсон Олон Улсын Худалдаа аж Үйлдвэрийн танхимын Азийн бүс хариуцсан салбарын зөвлөлийн нарийн бичиг Пуи-Ки Эммануэл Та, Сингапурын Олон Улсын Арбитрын Төвийн дарга Кэвин Нэш Кристофер, Хонгконгийн Олон Улсын Арбитрийн төвийн зөвлөх гишүүн Нилс Роландсон Элиассон, Сидлей хууль зүйн фирмийн хуульч Дэвид Патрик Рони, Эндрю Роберт Вильяам Фокс нарыг хүлээн авч уулзлаа.
Арбитрын тухай Монгол Улсын хуулийг боловсруулахад дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлсний зэрэгцээ тус хуулийг олон улсын стандартад нийцүүлэхэд хүч хөдөлмөр, эрдэм оюунаа зориулан ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажилласан Канад Улсын иргэн Дэвид Патрик Рониг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр шагнав.
Дэвид Рони нь Сидлей хууль зүйн фирмийн Женев дэх салбарын партнер хуульч бөгөөд тус фирмийн Олон Улсын Арбитрын ажиллагаа хариуцсан багийн гишүүн юм. Олон Улсын арбитрын хуульчдийн тэргүүлэх зэрэглэл тогтоодог Chambers, The Legal 500, Global Arbitration Review’s GAR 100, Who’s Who Legal болон The Best Lawyers in Switzerland зэрэг хэвлэлүүдэд түүний тухай гарч, “олон улсын арбитрын ажиллагаанд сонгогдох зохистой хуульч” хэмээн онцолж байсан. Тэрээр дэлхийн байнгын үйл ажиллагаатай, нэр хүнд бүхий 20 гаруй Олон улсын арбитрын байгууллагад дарга, арбитрч, арбитрын бүрэлдэхүүнд арбитрчаар ажиллаж байсан арвин туршлагатай мэргэжилтэн ажээ.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.