Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

Бидэнтэй холбогдоно уу +976 (11) 330048

  • English
  • Монгол хэл
k

ЭмДиЭс энд Хаанлекс

“Арбитрын тухай Монгол Улсын хууль ба Олон Улсын Стандарт” сэдэвт Олон Улсын Бага хурал зохион байгуулагдлаа

2017 оны 2 дугаар сарын 21-ны өдөр. Улаанбаатах хот. Арбитрын тухай Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 1-р сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаас баталсантай холбогдуулан өнөөдөр Төрийн Ордонд “Арбитрын тухай Монгол Улсын хууль ба Олон улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурал амжилттай зохион байгуулагдлаа. “ЭмДиЭс ХаанЛекс” ХХН нь тус олон улсын бага хурлыг дэмжигч байгууллагаар оролцсон бөгөөд тус хуулийн фирмийн Партнер, хуульч Д.Дүгэржав “Арбитрын  тухай хууль: Шинэлэг, давуу тал” сэдвээр илтгэл тавьж, “Энэ хууль бүхэлдээ арбитрын ажиллагааг шуурхай, шударга, үр нөлөөтэй явуулахад чиглэсэн” болохыг тэмдэглэсэн юм.

Олон улсын бага хуралд оролцогчдын хурлын үеэр хэлсэн зарим үгсээс онцолвол:

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт

“…Арбитрын энэхүү хууль нь арбитрын үйл ажиллагааны талаарх эрх зүйн зохицуулалт өөрөө Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд бие даасан эрх зүйн салбарыг бүрдүүлж байгааг илэрхийлсэн танин мэдэхүйн шинжтэй томоохон арга хэмжээ болсон гэж бид үзэж байгаа. Шинэчлэн найруулсан Арбитрын тухай хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд дараах зохион байгуулалтын шинжтэй асуудалд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

  • Энэ хуулийг сурталчлах;
  • НҮБ-ын албан хэрэглээний хэл дээр орчуулж нийтийн хүртээл болгох ажлыг яаралтай хийж гүйцэтгэх;
  • Уг асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр судалж, гарын авлага, сурах бичиг бусад материалуудыг хэвлэн нийтлэх ажлыг эрчимжүүлэх;
  • Арбитрын байгууллагын эрх зүйн үндэс ийнхүү боловсронгуй болж байгаатай холбоотойгоор энэ үйл ажиллагааг эрхэлж буй байгууллага өөрийн үйл ажиллагааны зохион байгуулалтын болон бусад асуудлаа шинэчлэх зайлшгүй шаардлагатай.”

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар

“Өнөөдөр энэ хуулийг батлан гаргаснаар Монгол Улсын эрх зүйн орчныг орчин үеийн олон улсын стандартад нийцүүлж, нэг алхам урагшлуулж өгсөн. Энэ нь Монгол Улсын эрх зүйн тогтолцоо өөрөө бүхэлдээ нэг шатаар ахиж, дэвшиж байна… Монголын арбитрын байгууллага, арбитрын хуулийг сонгох магадлал өсөж байна. Хэрэв Монголын арбитрчид болон орж ирэх бусад гадны арбитрчид, арбитрын байгууллага энэ хуулийг зөв хэрэглэвэл манай улс өөрөө Венийн, Стокгольмийн арбитрын нэгэн адил бүс нутгийн арбитрын нэг төв болж хөгжих бас нэг боломж нээлттэй байгаа…”

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан

“Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар ямар ач холбогдолтой вэ гэхээр арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж… Гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж Монгол улс дахь хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой… Арбитраар маргаан шийдвэрлэгдэх цаг хугацаа болон зардлыг бууруулж Монгол улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулна гэж бид үзэж байна…”

Сингапурын Олон Улсын Арбитрын Төвийн дарга Кэвин Нэш Кристофер

“…Миний бодлоор энэхүү хуулиар нууцлал хадгалах үүргийн асуудлыг зохицуулсан нь Монгол Улсын хувьд дэвшилтэт алхам болсон…Мөн Монгол Улсын хууль арбитрын ажиллагааны зардлыг маш оновчтойгоор зохицуулсан…Шаардлагатай хууль тогтоомжийг баталж, Засгийн газрын дэмжлэгийг авч чадсан тохиолдолд, үүний дараа шүүх эрх мэдлийн дэмжлэгийг авах шаардлага тулгардаг. Сингапур улсын тухайд арбитрын ажиллагаанд хамгийн бага хөндлөнгөөс оролцож, хамгийн их дэмжлэг үзүүлдэг шүүхтэй улсуудын дотроос арбитрын ажиллагааг хамгийн сайн дэмждэг шүүхтэй… ”

Олон Улсын Худалдааны танхимын Азийн бүс хариуцсан салбарын зөвлөлийн нарийн бичиг Пуи-Ки Эммануэл Та

“…Энэхүү Арбитрын тухай Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулга нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд процессийн ажиллагааг сайжруулахад чиглэсэн чухал давуу тал, дэвшил, онцлогуудыг тусгасан, мөн арбитрын ажиллагааг маргаан хянан шийдвэрлэх үр дүнтэй арга гэдэг утгаар нь арбитрыг сонгох явдлыг дэмжсэн хууль болсон…Олон улсын Худалдааны танхим нь Монгол Улсын арбитрт туслалцаа үзүүлж, олон улсын арбитрын гэр бүлийн гишүүдтэй нийтлэг ашиг сонирхлоо хуваалцахдаа баяртай байх болно. Олон Улсын Худалдааны танхим нь Монгол Улсыг маш богино хугацааны дотор арбитрын чухал төв болон хөгжиж, олон улсын арбитрын экосистемд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна…”

Монгол Улс дахь АНУ-ын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Жэймс Лиотта

“…АНУ-ын Худалдааны танхимын 2017 оны чиглэл нь санхүү, эдийн засаг, эдийн засгийг төрөлжүүлэх, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих гэсэн чиглэлүүдэд анхаарлаа хандуулж байна. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан явдал нь Монгол Улсад хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх бидний зорилгод яв цав нийцэж байна. Бид ийм төрлийн хууль тогтоомж нь Монгол Улсад нэгэнт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гадаад, дотоодын бизнесүүдэд ихээхэн ашиг тусаа өгөөд зогсохгүй, тодорхой хугацааны дараа Монгол Улсад бизнес, хөрөнгө оруулалтыг татах хүчин зүйл болно гэж найдаж байна…”

pic1

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: