Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв
Мэдээг энд дарж татаж авна уу.
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр. Улаанбаатар хот. УИХ-н гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Б.Батзориг, З. Нарантуяа, Б.Ундармаа нар “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хуулийн төслийг санаачлан Улсын Их хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интерацид нэгдэх, цаашлаад банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой байдаг ба хуулийн төсөл батлагдсанаар дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлж, валютын урсгалыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн эерэг үр дагаврууд богино хугацаанд бий болно гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна.
Хөрөнгө оруулалтын банк нь томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан урт хугацааны зээл олгох, зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах, зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх зэргийг зөвшөөрч байгаа бол хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэх, хараат болон охин компани байгуулахыг хоригложээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулах зорилгоор Монгол улсад үйл ажиллагаа явуулах банкууд хуулийн төсөлд заасан үйл ажиллагаа явуулах хязгаарлалтын дагуу дотоодын зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээс бусад хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд иргэдийн хадгаламж, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй харилцах байдлаар санхүүгийн эх үүсвэр татах боломжгүй байх зохицуулалтыг санал болгож байгаа аж.
Хуулийн төсөлд зааснаар “Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 500 тэрбум төгрөгөөс доошгүй” харин “хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй” байх юм.
Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гадаадын банкыг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэх эрх зүйн орчинг бүрдүүлж, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг нээж өгөхөөр байна.
Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй байдлууд бий болж, зээлжих зэрэглэл буурсан хэдий ч Монгол улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн 5 банк байдаг байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Партнер Ж.Майзоригоос авна уу. Утас: +(976) 88103905, +(976) 11330048; email: maizorig@mdsa.mn
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.