Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

Бидэнтэй холбогдоно уу +976 (11) 330048

  • English
  • Монгол хэл
k

ЭмДиЭс энд Хаанлекс

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль нь санхүүгийн хүртээмжийг дээшлүүлнэ

Монгол улсын Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлж болохоор заасан байх боловч хөдлөх эд хөрөнгө болон бусдын өмчлөлд шилжүүлж болох эдийн бус хөрөнгийн барьцааны талаар тусгайлсан хууль тогтоомж байхгүй, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүй явж ирсэн юм.  Энэхүү хэрэгцээ шаардлагыг харгалзан Улсын Их Хурлаас 2015 оны 07 сарын 02-ны өдөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг батлан гаргасан бөгөөд уг хууль 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

            Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бий болгохыг зорьсон байна. Хуульд зааснаар дараах эдийн бус эд хөрөнгө нь барьцааны зүйл байх боломжтой. Үүнд:

Иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох:

  • хөдлөх эд хөрөнгө,
  • бүх төрлийн хувьцаа,
  • үнэт цаас,
  • шаардах эрх,
  • шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл,
  • шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар,
  • барааны тэмдэг,
  • ашигтай загвар
  • бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө.

Уг хуульд заасан онцлох зохицуулалтаас дурдвал:

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн  барьцаа нь хуульд зааснаар, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх ба гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны үед барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлж болохоор заасан. Хуульд барьцааны баталгаажилт гэх шинэ томьёоллыг оруулсан ба барьцааны гэрээнд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан бол барьцааны зүйлийг барьцаалагчийн буюу түүний итгэмжилсэн төлөөлөгчийн эзэмшилд шилжүүлснээр, харин барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй, мөн хуульд зааснаар үүссэн барьцааг уг хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна.

Барьцааны эрхийг хэрэгжүүлэх дарааллыг барьцаа баталгаажсан цаг хугацааны дарааллаар тодорхойлно. Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч барьцааны зүйлийг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр захиран зарцуулах бол барьцаалагчид мэдэгдэх үүрэгтэй. Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг худалдах, арилжих болон бусад хэлбэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд уг хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хэвээр хадгалагдахаар зохицуулсан.

Хуульд мал, тэжээвэр амьтан болон үр тариа барьцаалагчийн давуу эрхийн талаар шинэ, онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд, мал, тэжээвэр амьтны хүнс тэжээл авах болон тэдгээрийн эмчилгээний зорилгоор хөрөнгө шилжүүлсэн этгээд нь барьцааны эрхээ баталгаажуулсан бол тухайн мал, тэжээвэр амьтан болон тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогын хувьд цаг хугацааны дарааллаас үл хамааран бусад баталгаажсан барьцаалагчаас өмнө шаардлагаа хангуулах давуу эрхтэй байна. Мөн эзэмшиж байгаа газартаа тарьж ургуулж байгаа үр тарианы баталгаажсан барьцааны эрх нь тухайн газрын өмчлөгчийн шаардах эрх болон газар барьцаалагчийн шаардлагаас давуу эрхтэй байхаар заасан нь энэ төрлийн харилцааны онцлогийг харгалзсан зохицуулалт болсон байна.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус хуульд заасан журмын дагуу цахим мэдээллийн санд бүртгэж бүртгэлийн дугаар олгох бөгөөд уг байгууллага нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сантай байхаар заасан. Уг хуульд зааснаар олон нийт уг цахим мэдээллийн сангаас барьцааны талаар мэдээлэл авах, хайлт хийхэд нээлттэй бөгөөд бүртгэлийн байгууллагаас барьцааны мэдэгдлийн бүртгэлийн лавлагааг авч болно. Хуульд зааснаар цахим мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, мэдээлэл өгөх, солилцох, барьцааны эрхийн мэдэгдлийг бүртгэж дугаар олгох, нийтэд нээлттэй байх болон статистикийн зориулалттай мэдээллийн төрлийг тогтоох журмыг бүртгэлийн байгууллагын даргын санал болгосноор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах юм байна. Барьцааны мэдэгдлийг барьцаалагч, эсхүл түүний төлөөлөгч цахим хэлбэрээр бүртгүүлэх ба цахим мэдээллийн санд бүртгэгдсэн барьцааны мэдэгдэл нийтэд нээлттэй болсон үеэс хүчин төгөлдөр болно.

Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагчид барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүсэх ба энэхүү мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор барьцаалуулагчийн барьцааны шаардлагыг хангах боломжтой ба уг хугацаа дууссан бол барьцаалагч барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр заасан байна. Барьцаалагч нь цахим мэдээллийн санд барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг бүртгүүлснээр барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авах эрхтэй болно. Барьцааны зүйлийг: (a) барьцаалагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан шууд, эсхүл дуудлага худалдаагаар  худалдах, (б) хөндлөнгийн этгээдийн дуудлага худалдаагаар худалдах, эсхүл (в) тухайн төрлийн эд хөрөнгийг худалдах, худалдан авах тогтсон зах зээл, бирж дээр худалдах. замаар худалдан борлуулж, барьцааны шаардлагыг хангахаар заасан байна. Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг борлуулахаас өмнөх аль ч үе шатанд барьцааны шаардлагыг бүрэн хангаж, барьцааны шаардлагыг хангуулах ажиллагааг зогсоох эрхтэй байна.

Уг хууль батлагдсанаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцаалах эрх зүйн орчин сайжирч, барьцааны бүртгэлийн нээлттэй, хурдан шуурхай, энгийн системийг нэвтрүүлж, банк, санхүүгийн байгууллагууд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэн энэхүү өрсөлдөөний үр дүнд зээлийн хүү буурч, хугацаа уртсан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх, бага дунд орлоготой иргэд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн хүртээмж сайжирч, далд эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгийн урсгал ил болох боломжтой болох зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавар бий болох юм.

Хууль батлагдан гарснаас хойш хүчин төгөлдөр болж мөрдөгдөх хүртэл хугацаанд улсын бүртгэлийн цахим санг бий болгох зэрэг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангах юм. Мөн хууль хэрэгжиж эхэлснээр бүртгэлийн байгууллагын ачаалал эрс нэмэгдэх тул шаардлагатай ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

Улсын их хурлын Хууль зүйн байнгын хорооны шийдвэрээр уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт тус хуулийн фирмийн Партнер Д.Дүгэржав ажилласан юм.

Мэдээллийг бэлтгэсэн: Партнер Д.Дүгэржав, туслах хуульч М.Золзаяа

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн  Партнер Д.Дүгэржаваас авна уу. Утас: +(976) 99119181, +(976) 11 330048; email: dugerjav@mdsa.mn

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: