УИХ-аас байгуулагддаг Байгууллага, Яамдын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан
УЛСЫН ИХ ХУРЛААС БАЙГУУЛАГДДАГ БАЙГУУЛЛАГА, ЯАМДЫН 2015 ОНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Нэг. УДИРТГАЛ
Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ил тод, нээлттэй байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор дэс дараатай, олон арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн байна. Түүний дотор 2008 оноос эхлэн яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, 2013 оноос төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан байгууллагуудыг энэхүү арга хэмжээнд хамруулж эхэлсэн байна.
Түүнчлэн 2013 оноос эхлэн дээрх төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн, тухайн байгууллагын тухайн жилд явуулсан авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн экспертийн багийг сонгон шалгаруулах замаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, үр дүнг олон нийтэд хүргэж хэвшиж байгаа нь авлигын эсрэг үйл ажиллагаанд байгууллага, албан тушаалты санал санаачлагыг өрнүүлэх, олон нийтийн мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байна.
АТГ-аас 2015 оны 9 дүгээр сарын 18-нд “Төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, төрийн байгууллага хоорондын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр дүнг нь үнэлэх, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах” зорилгоор зарласан сонгон шалгаруулалтад “Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс” ХХН (хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл)-ийн баг шалгарч, гэрээ байгуулан ажилласнаар өнөөдөр энэхүү ажлын үр дүнг Та бүхэнд толилуулж байна.
1.1.Хамрах хүрээ
Манай баг АТГ-тай байгуулсан гэрээний дагуу Багц-1 буюу Улсын Их Хурлаас байгууллагддаг 7 байгууллага (Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо), Монгол Улсын 15 яам, нийт 22 байгууллагын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийлээ.
1.2.Багийн бүрэлдэхүүн
Энэхүү төсөл дээр багийн ахлагч Д.Дүгэржав- “Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс” ХХН-ийн партнер, багийн гишүүн, тус хуулийн нөхөрлөлийн хуульч Б.Түвшинтунгалаг, М.Золзаяа болон оффис менежер Б.Отгонбат нар ажиллав.
Манай баг шинэчлэн баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу дээр дурдсан төрийн байгууллагуудын цахим хуудас, авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний тайлан, холбогдох нотлох баримтад тулгуурлан дурдсан 22 байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ өгөх ажлыг хуанлийн 21 хоногт багтаан гүйцэтгэлээ.
1.3.Арга, аргачлал
Энэхүү үнэлгээ нь Авлигын эсрэг хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн холбогдох заалтын дагуу 2015 онд зохион байгуулсан авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хуулиар тогтоосон мэдээллийг олон нийтэд хугацаанд нь ил тод болгон толилуулсан байдлыг тодорхойлж, тухайн байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, энэ талаарх хамт олны санаа бодлыг тандах зэрэг аргад суурилсан болно.
1.4.Үнэлгээ хийхэд ашигласан эх сурвалж
Шилэн дансны тухай хууль батлагдаж, 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсонтой холбодуулан АТГ-ын даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталсан нь энэ удаагийн үнэлгээний гол онцлог байв. Үнэлгээнд дараах эх сурвалж ашигласан:
-
- Байгууллагын цахим хуудаст тандалт хийх- Албан ёсны цахим хуудсын жагсаалтыг АТГ-аас ирүүлсэн
-
- Тухайн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллаганы төлөвлөгөө, тайлан, түүний хавсралт- нотлох баримтууд
-
- АТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн бүртгэл
-
- Тухайн жилд шүүхээр шийдвэрлэгдсэн авлигын гэмт хэргийн бүртгэл-АТГ-аас ирүүлсэн
-
- АТГ-аас зөрчил арилгуулах, хариуцлага оногдуулах талаар хүргүүлсэн албан бичиг, авсан арга хэмжээний бүртгэл
-
- Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн тухай мэдээлэл-Сангийн яамнаас ирүүлсэн
-
- Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авсан хүмүүсийн жагсаалт- НДЕГ-аас ирүүлсэн
-
- АТГ-т ирсэн тухайн байгууллагад холбогдох өргөдөл гомдлын бүртгэл
- Асуулгын судалгааны дүн- МУИС-ийн социологийн багш нарын багаас ирүүлсэн.
Хөндлөнгийн үнэлгээний тайлантай бүрэн эхээр нь энд дарж танилцана уу.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл