Монголын Хуульчдын Холбооны удирдлагууд “ЭмДиЭс ХаанЛекс” Хуулийн фирмтэй танилцлаа
2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр. Улаанбаатар хот. Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулсан “Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн асуудал” зөвлөлдөх уулзалтаас гарсан санал, санаачлагыг хэрэгжүүлэх зорилгоор тус холбооны удирдлагууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон өмгөөллийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрийн удирдлагуудтай санал солилцох ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Тамгын дарга Ц.Ганболд нар “ЭмДиЭс ХаанЛекс” ХХН-д зочилж тус нөхөрлөлийн Партнер Ж.Майзориг, Д.Дүгэржав нартай уулзаж нөхөрлөлийн хөгжлийн асуудал болон нөхөрлөлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй бусад асуудлын талаар санал солилцов.
Уулзалтаар Өмгөөллийн нөхөрлөлийн дэд хороог байгуулахад өмгөөллийн нөхөрлөлүүдийн өөрсдийн идэвхи санаачлага онцгой ач холбогдолтой болохыг дурдаад холбооны зүгээс техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжтой талаар Монголын Хуульчдын Холбооны удирдлагууд илэрхийлэв. Цаашилбал, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хариуцлага, түүний үр дагавар, даатгалын асуудал, өмгөөллийн нөхөрлөлд ногдуулж байгаа орлогын татварын давхардлын асуудал болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд мэдээлэл технологийн ололт дэвшлийг ашиглах боломж, санаачлагын талаар санал солилцов.