Арбитрын тухай Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа
2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлаас Арбитрын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ыг 2017 оны 1-р сарын 26-ны өдөр баталлаа. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгыг Нэгдсэн үндэсний байгууллагын Олон улсын худалдааны комиссоос 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баталж, 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Олон улсын худалдааны арбитрын Загвар хуульд нийцүүлэн боловсруулсан.
Хууль батлагдсанаар Монгол Улс уг загвар хуулийг нутагшуулсан орны тоонд багтах юм. Улмаар доорх нийгэм эдийн засгийн эерэг үр дагавар бий болно гэж үзсэн. Үүнд:
- олон улсын болон дотоодын арбитрын ажиллагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх,
- Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох,
- Олон улсын маргаанд Монгол Улсын хуулийг хэрэглэх, Монгол Улсын арбитрыг сонгож маргаанаа шийдвэрлүүлэх боломж нэмэгдэх,.
- Гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх,
- Арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулна.
Анх 2014 онд Хууль зүйн яам, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачилга төслөөс зарласан Арбитрын тухай хуулийн төсөл боловсруулах тендерт ЭмДиЭс ХаанЛекс ХХН болон АНУ-ын Сидлей Аустин хуулийн фирмийн баг шалгарч, энэхүү хуулийн төслийг батлах хүртэлх хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурлын ажлын хэсэгтэй хамтран ажилласаар ирсэн билээ.
Энэ дашрамд уг хуулийн төслийг боловсруулах, олон улсын жишигт нийцүүлэхэд мэргэжлийн өндөр түвшинд дэмжлэг үзүүлж, байнга хамтран ажилласан Сидлей Аустин хуулийн фирмийн хуульч Дэвид Роней, Эндрью Фокс нарт гүн талархал илэрхийлж байна. Тэд энэхүү үйлчилгээг эхнээс нь дуустал үнэ төлбөргүй (про боно) үзүүлсэн юм. Хуулийн төслийг боловсруулах ажилд Эм Ди Эс энд ХаанЛекс хуулийн фирмийн партнер (нөхөрлөлийн гишүүн), хуульч Д.Дүгэржав, Ж.Майзориг, Ц.Одмаа, П.Сугарням, Д.Мөнхгэрэл нар оролцсон болохыг тэмдэглэхэд таатай байна.
Арбитрын хууль батлагдсаны дараа ажлын хэсгийнхэн зургаа татуулав.
Зураг дээр зүүн гар талаас ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Сайнзориг, Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Хонгорзул, ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН-ийн гишүүн, хуульч Д.Дүгэржав, Отгонтэнгэр их сургуулийн хууль зүйн сургуулийн багш М.Сувд, УИХ-ын гишүүн Н.Учрал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын ба үндэсний арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн Н.Мөнхтуяа, Хуульч Д.Уянга нар.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.