Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

MDS&KhanLex LLP

Улсын Их Хурал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

Мэдээг энд дарж татаж авна уу.

2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр. Улаанбаатар хот. Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Казиногийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт”-ыг баталсан бөгөөд уг жагсаалтад Казиногийн тухай хуулийг хэлэлцэхээр тусгаад байсан юм.

Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газар санаачлан боловсруулсан бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төсвийн орлого нэмэгдэх, хөрш орнуудтай энэ салбарт өрсөлдөх суурийг тавих, Монгол Улсад аялах гадаадын жуулчдын тоо нэмэгдэх зэрэг олон эерэг үр дагавар гарна гэж хууль санааачлагч үзэж байгаа юм байна.

Хуулийн төсөлд заасанчлан Монгол Улсын нутаг дэвсгэрт Казиногийн үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газар сонгон шалгаруулалтын үндсэн дээр, 2 хүртэл байршилд олгохоор төлөвлөжээ. Тусгай зөвшөөрлийн хугацааг 10 жилээр олгох бөгөөд уг хугацааг цаашид мөн хугацаагаар сунгаж байх юм байна. Хууль санааачлагчаас санал болгож байгаачлан Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход нэг удаа 35 тэрбум (өнөөдрийн ханшаар 17.6 сая орчим ам.доллар) төгрөгийн хураамж төлөх бөгөөд тусгай зөвшөөрөл сунгах тохиолдолд энэ төлбөрийг дахин төлөх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Энэхүү тусгай зөвшөөрлийг барьцаалах, худалдах зэргээр бусдад шилжүүлэхийг хориглох юм байна.

Энэхүү хуулийн дагуу байгуулагдах казиногийн барилга байгууламж, тоглоомын тоног төхөөрөмж нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн байхын зэрэгцээ казиногийн байгууламжийн нийт талбайн 85-аас багагүй хувьд зохистой дэд бүтэц бүхий аялал жуулчлал, амралт, соёл урлагийн болон олон нийтийн үйлчилгээнд зориулагдсан байх шаардлагатай.

Түүнчлэн казинод гагцхүү гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг тоглуулах тул Монгол Улсын иргэд казинод тоглох нь хориотой хэвээр байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлд заасанчлан шинээр Казиногийн үйл ажиллагааг зохицуулах хороог байгуулах бөгөөд уг хороо нь дарга, 8 гишүүнээс бүрдэнэ. Гишүүдийг 3 жилийн хугацаагаар Засгийн газар томилох бөгөөд тэдгээрийн 50 хүртэл хувийг улираан томилж болох юм байна. Хороо нь казиногийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бөгөөд казиногийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах, казиногийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм байна.

Дээр дурдсанчлан энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхээр шийдвэрлэсэн тул хуулийн төслийг холбогдох байнгын хороодод хүргүүлж, эхний хэлэлцүүлгийг хийх юм. Улмаар холбогдох байнгын хорооны гаргасан санал дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлдэг журамтай.

Монгол Улс анх 1998 оны 1 дүгээр сард Казиногийн тухай хуулийг баталж холбогдох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах зэрэг хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийж эхэлсэн боловч удалгүй тухайн үеийн нэр бүхий улс төрч нар авилга авсан зэрэг асуудалтай холбогдон казиногийн асуудал нь нийгэм, улс төрийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үүний улмаас 1999 оны 1 дүгээр сард буюу Казиногийн хууль батлагдсанаас хойш 1 жилийн дараа уг хуулийг хүчингүй болгож Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах, ажиллуулахыг хориглохоор хуульчилсан. Түүнчлэн 2006 онд Хязгаарлагдмал буюу гадаадын иргэдэд зориулсан казино байгуулах асуудал хүчтэй яригдаж тухайн үеийн Засгийн газар Төлбөр таавар, бооцоот тоглоомын тухай хуулийн төслийг, нэр бүхий Улсын Их Хурлын гишүүд Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байсан боловч уг асуудлыг Улсын Их Хурлын түвшинд хэлэлцэж байгаагүй юм.

Харин энэ хуулийн төслийн хувьд Улсын Их Хурлын 2015 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-т “Казино байгуулах замаар аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэх” 2015-2016 онд авч хэрэгжүүлэхээр заасан тул Улсын Их Хурлаас дэмжлэг авах магадлалтай гэж үзэж байна.

 

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Удирдах Партнер Ж.Майзоригоос авна уу. Утас: +(976) 8810305, +(976) 11 330048; email: maizorig@mdsa.mn

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading