Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Эрдэс Баялгийн Салбарын Ил Тод Байдлын Тухай Хуулийн Төслийн Талаарх Товч Танилцуулга (2015.03.27)

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг 2014 оны 10-р сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан. Тус хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (цаашид “ОҮИТБС” гэх)-ыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт шаардлагатай болсон, мөн Төрөөс эрдэс баялгийн салбарын талаар баримтлах бодлого, Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны  хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангах талаар заасан боловч Ашигт малтмалын хуулийн үйлчлэх хүрээ нь тодорхой хүрээгээр хязгаарлагдсан байгаа тул эрдэс баялгийн салбарын ил тод байдлын талаар зохицуулах тусдаа эрх зүйн акт гаргах шаардлагатай гэж Засгийн газраас үзсэн байна.

Энэхүү хуулийн төсөл нь 4 бүлэг, 17 зүйлээс бүрдсэн байна. Төсөлд заасны дагуу хуулийн зорилт нь эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд үүнд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ил тод байдлын тайлан гаргах, тэдгээрт үндэслэн эрдэс баялгийн салбарын ил тод байдлын нэгдсэн тайлан гаргах, уг нэгдсэн тайланг нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцаа хамаарна.

Эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэх байгууллага нь Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын Үндэсний зөвлөл байхаар төсөлд заасан байна. Хуулийн төсөлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан журмын дагуу анхан шатны тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргахаас гадна шаардлагатай тодруулгыг өгөх, холбогдох материалыг хавсаргах, Үндэсний зөвлөл, түүний ажлын алба болон тайлан нэгтгэгчээс тавьсан тодруулгын хариуг тогтоосон хугацаанд үнэн зөвөөр өгөх зэрэг үүрэг хүлээхээр байна. Мөн тайлан гаргахтай холбоотой сургалт, мэргэжил арга зүйн туслалцааг авах хүсэлт гаргах, тайлан гаргахтай холбоотой тодруулга, мэдээллийг авах, нэгдсэн тайлангийн хувийг авах, уг тайланг үйл ажиллагаандаа ашиглах эрх эдлэхээр төсөлд заасан байна.

Хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ил тод байдлын анхан шатны тайлан, төрийн байгууллагын ил тод байдлын анхан шатны тайлан, нэгдсэн тайлан гэсэн ил тод байдлын гурван төрлийг зохицуулсан ба хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн анхан шатны тайланг дараа оны тавдугаар сарын 15-ны дотор гаргахаар заасан. Хэрэв энэхүү үүргийг зөрчсөн бол тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.

Монгол Улсын эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдсэнээр урт хугацаанд нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дүн гарна гэж тооцож байна. Үүнд:

  1. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын санаачилгыг олон улсын дэвшилтэт хандлагад нийцсэн хамтын удирдлага, хамтын хяналтын удирдлага, зохион байгуулалтын бүтэц бий болно.
  2. Эрдэс баялгийн салбарын мэдээллийн нэгдсэн баазтай болно.
  3. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд үргүй зардал гаргах, хууль бус төлбөр төлөх зэрэг зохисгүй хандлага буурахаас гадна, үүнээс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт болно.
  4. Эрдэс баялгийн салбар дах төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зохистой түншлэлийн хэлбэр бий болно.
  5. Олборлогч компаниуд, төр, олон нийтийн байгууллага хоорондын харилцаа, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд ил тод болж олон нийтийн зүгээс хяналт тавих боломжтой болно.
  6. Олборлогч компаниудын зардал буурснаар ашигт ажиллагаа нэмэгдэж улс, орон нутгийн төсөвт төлдөг татвар, төлбөр, орлого нэмэгдэнэ.
  7. Эрдэс баялгийн салбарын төлсөн татвар, төлбөр, хураамж ба орлогын зарцуулалт, хувиарлалт ил тод болсноор баялгийн илүү зохистой удирдлагыг            хэрэгжүүлэх хандлагыг бэхжүүлнэ.

Тус хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн ба одоо Улсын Их Хурлаар хэлэлцэхэд бэлэн болсон байна.

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: