ЭмДиЭс ХаанЛекс нь Монгол улсын хөрөнгийн зах зээлийн гол журмуудыг боловсруулахад зөвлөгөө өгөв (2014.07.07)
ЭмДиЭс ХаанЛексийн партнерууд нь Монгол улсын хөрөнгийн зах зээлийн гол журмуудыг боловсруулах асуудлаар “Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх болон сургалтын төсөл”- д зөвлөгөө өглөө.
Партнер Д.Дүгэржав нь Үнэт цаасны бүртгэлийн журмыг боловсруулахад зөвлөгөө өгсөн. Үнэт цаасны бүртгэлийн журам нь анхдагч зах зээл дээр шинээр үнэт цаас гаргахад болон үнэт цаасны төрөл бүрийн хэлцлүүдэд хэрэглэгдэх шинэ журмуудыг тогтоосон. Харин кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам нь үнэт цаасны кастодианы үйлчилгээний ойлголт, тусгай зөвшөөрөл, зохицуулалтыг анх удаагаа Монгол улсад нэвтрүүлж зохицуулсан.
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2012 онд шинэчлэн батлагдсанаас хойш дээрх 2 журмыг батлагдахыг бизнес эрхлэгчид, олон нийт ихээхэн хүлээж байсан.
“Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх болон сургалтын төсөл”-ийг Люксенбургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (ЛюксДев) санхүүжүүлж, Монгол улсын Санхүүгийн Зохицуулалт Хороо хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлыг удирдсан, фирмийн хөрөнгийн зах зээлийг хариуцсан партнер Д.Дүгэржав: “Бид энэхүү чухал ажлыг гүйцэтгэхэд нь ЛюксДевд болон түүгээр дамжуулж Санхүүгийн Зохицуулах Хороонд хууль зүйн туслалцаа үзүүлсэндээ баяртай байна. Шинэ журмууд нь олон улсын хөрөнгө оруулагчдын хүсэн хүлээж буй илүү үр ашигтай, ажиллагаатай үнэт цаасны зах зээлийг бий болгох үндсийг тавих учиртай” хэмээн мэдэгдсэн.
“Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх болон сургалтын төсөл” нь энэхүү шинэ журмуудыг боловсруулахад олон улсын мэргэжилтнүүдийг авч ажиллуулсан болно.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.