Чөлөөт Бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь (2015.04.16)
Энд дарж мэдээг татаж авна уу.
Энэ оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улсын их хурал Чөлөөт бүсийн тухай хуулийг баталж, өмнө нь бүс тус бүр бие даасан хуультай байсан практикийг өөрчилж, нэгдсэн хуулиар зохицуулж эхэллээ. Уг хууль ердийн журмаар хүчин төгөлдөр болсон. Ийнхүү Монгол Улс чөлөөт бүсэд мөрдөх татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хуулийн этгээдийн болон иргэний бүртгэл, хөдөлмөр эрхлэлтийн тусгай хөнгөвчилсөн дэглэмийг хуульчиллаа. Уг хуульд чөлөөт бүсийн хөгжлийг төрөөс бүх талаар хөхиүлэн дэмжих бодлого нэвт шингэсэн гэж хэлж болно. Ингэснээрээ гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн сонирхлыг татаж, хэрхэн богино хугацаанд амьдралд хэрэгжиж үр дүнгээ өгөх бол гэсэн хүлээлтийг үүсгээд байна.
Аливаа шинэ хууль хир богино хугацаанд амжилттай хэрэгжиж үр нөлөө нь түгэн дэлгэрэх вэ гэдэг нь түүнийг хэрэгжүүлэхдээ оролцогчид хэрхэн нэг мөр ойлгож, төрийн холбогдох байгууллагуудаас гарах шийдвэрүүд нь цаг алдалгүй гарч, хэрэгжилтийн эрх зүйн орчныг иж бүрэн хангаж чадаж байгаагаас ихээхэн шалтгаалдаг. Хуулийн хэрэгжилтийг хангах энэ ажил удааширснаар зарим хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болох, эсхүл ерөөс хэрэгжүүлж чадалгүйгээр хүчингүй болдог явдал мэр сэр ажиглагддаг. Иймд Чөлөөт бүсийн тухай хуулийн хэрэгжилтийг богино хугацаанд жинхэнэ утгаар нь хангахад төрийн шат, шатны байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаар Та бүхэнд толилуулж, санал солилцох нь зүйтэй гэж үзлээ.
- УЛСЫН ИХ ХУРАЛ:
Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, түүний байршил, чөлөөт бүсэд олгох газар нутгийн хэмжээ, хилийн цэсийг тогтоох, үйл ажиллагааны чиглэл, төрлийг тогтоох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ (6.1). Улсын их хурал энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэх эсэх нь Засгийн газрын санаачлагаас хамаарна.
- ЗАСГИЙН ГАЗАР:
Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны бүтэц, орон тоо, зардлын хязгаарыг тогтооно (8.4). Уг асуудлыг чөлөөт бүсийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу Аж үйлдвэрийн яам боловсруулна. Түүнчлэн Засгийн газар нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т заасан зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсээс гадна зорчигчийн худалдан авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалтыг батална (16.2). Энэхүү жагсаалт нь аль ч чөлөөт бүсэд хамаарна гэж ойлгогдож байгаа бөгөөд гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санаачлан Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж төслийг нь боловсруулж Засгийн газарт оруулах нь зохимжтой юм.
Засгийн газар нь чөлөөт бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах газрын суурь үнэлгээ болон газрын төлбөрийн хэмжээг тогтооно (22.3). Чөлөөт бүсэд газар ашиглах, эзэмших гэрээ байгуулсан Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд, иргэн газрын үр өгөөжийг ашиглах, эзэмших, хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа байдлыг нь харгалзан тэдгээрийг газрын төлбөрөөс тодорхой хугацаагаар хөнгөлж болох (23.3) бөгөөд ийнхүү газрын төлбөрөөс хөнгөлөх хугацаа, хувь хэмжээг Засгийн газар тогтооно (23.4). Хуулийн энэхүү заалтыг хэрэгжилтийн явцад газар ашиглах, эзэмших гэрээ байгуулсан Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд, иргэний хувьд тухай бүр шийдвэрлэх замаар хэрэгжүүлнэ гэж ойлгогдож байна.
Засгийн газар нь мөн “Чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г батлална (24.1). Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь нийт чөлөөт бүсийн хувьд хөгжүүлэх стратегийн дунд болон урт хугацааны баримт бичиг байна гэж ойлгогдож байна. Энэхүү “Чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Аж үйлдвэрийн яам боловсруулж, Засгийн газарт оруулах учиртай.
3. АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Тус яам нь чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах талаар санал боловсруулж, Засгийн газарт оруулах (7.1.2) бүрэн эрхтэй. Чөлөөт бүс байгуулах тухай саналд түүний байршил, зорилго, чөлөөт бүсэд олгох газар нутгийн хэмжээ, хилийн цэс, үйл ажиллагааны чиглэл, төрлийг тодорхойлж, чөлөөт бүсийн талаарх төрийн зохицуулалт, үйл ажиллагаатай холбоотой төсөв, цаашдын хөгжлийн хандлага (7.1.5), хүрэх үр дүн зэргийг тусгах нь зүйтэй юм.
Аж үйлдвэрийн яам нь чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах (7.1.9) бүрэн эрхтэй бөгөөд түүний нэг нь чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах, эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох журмыг батлах (8.7.11)-аар Чөлөөт бүсийн тухай хуульд заажээ. Тус яам нь мөн Чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, Засгийн газарт оруулж ( 24.1) батлуулах юм.
- ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧ
Чөлөөт бүсийн захирагч нь тухайн чөлөөт бүсийн хөгжлийн хөтөлбөр, төсвийн төслийг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулна (8.7.2). Энэхүү хөгжлийн хөтөлбөрт Чөлөөт бүсийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасанчлан чөлөөт бүс байгуулах онцлог зорилго (иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гэх мэт тухайн бүсийн хувьд тохирсон, онцлог бүхий )-ыг тодорхойлно.Түүнчлэн хуулийн 5 дугаар зүйлд заасан чөлөөт бүс байгуулах зарчим, угтвар нөхцөл тус бүрийг хэрхэн хангах, тухайн чөлөөт бүсийг байгуулснаар уг бүс нутгийн тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засгийг хэрхэн дэмжих (5.1.7), чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэл, тэдгээртэй хамтран ажиллах нөхцөл, зарчим, чөлөөт бүсэд эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангах, чөлөөт бүсэд төрийн үйлчилгээгээр хангах нөхцөл, орон нутгийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны бүтэц, орон тоо, зардлын тооцоо (8.4) чөлөөт бүсийн төсөв зэргийг тусгах нь зүйтэй.
Чөлөөт бүсийн захирагч нь тухайн чөлөөт бүсийн ажиллах хүчний болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлнэ (8.7.4). Үүнд: үндэсний ба гадаадын ажиллах хүч, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжил дээшлүүлэх, тогтвор сууршилтай ажиллах нөхцөлийг хангах, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрийн онцлог, үл алагчлах зарчмыг хангах, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөө (5.1.7) зэрэг тодорхой зорилт, түүнийг хангах механизмыг тусгавал зохино.
Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлсэн хуулийн этгээд нь бусад хуулийн этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болох бөгөөд чөлөөт бүсэд гэрээгээр хамтран ажиллах хуулийн этгээд энэ хуульд заасны дагуу бүртгүүлж, чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ авна (12.4). Хуулийн энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхэд Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлсэн хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэж байгаа чөлөөт бүсийн гадна байгаа хуулийн этгээд нь тухайн хамтран ажиллах гэрээ хэлцэл болон энэ хуульд заасан бичиг баримтын хамт чөлөөт бүсийн захирагчийн албанд хандаж, чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ авах юм. Ингэснээр Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тусгай дэглэмд хамаарах боломжтой болно.
Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба улсын бүртгэл, татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх ажлыг тухайн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээрийн төлөөллөөр дамжуулан хэрэгжүүлнэ (17.1) гэж хуульд заасан. Чөлөөт бүсийн захирагч хэд хэдэн төрийн байгууллагатай байгуулах эдгээр гэрээний агуулга нь тухайн төрийн байгууллагын үзүүлэх үйлчилгээ, түүний хүртээмжийг хангах, төрийн албан хаагчийн ажиллаж амьдрах нөхцөлийг хангах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мэдээлэл солилцох журам зэрэг харилцааг тусгасан байх шаардлагатай. Чөлөөт бүсийн захирагчтай байгуулах гэрээний нөгөө тал болох төрийн байгууллага нь тухайн орон нутгийн байгууллага байх, эсхүл тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны буюу төв байгууллага байх уу гэдэг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нийгмийн хэв журам сахиулах, галын аюулаас хамгаалах, эмнэлгийн яаралтай тусламж, эрүүл ахуй болон дэд бүтцийн хангалтын үйлчилгээ зэргийг тухайн асуудал хариуцсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ (17.2) хэмээн хуульд заасан байна. Гэрээний агуулгын хувьд дээр дурдсан тохиолдолтой үндсэндээ ойролцоо байхаар байна. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн байгууллагатай байгуулах гэрээг Иргэний хуулиар зохицуулж, шаадлагатай санхүүжилтийг бүсийн захирагчийн төсөвт суулгах нь зүйтэй юм.
Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан дээр дурдсан үйлчилгээг чөлөөт бүсэд үзүүлж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг тухайн төрийн байгууллагын, эсхүл чөлөөт бүсийн захирагчийн төсөвт тусгах уу гэдэг харилцааг энэ хуулиар тодорхой зохицуулаагүй байна. Хэрэв тухайн төрийн үйлчилгээг үзүүлж байгаа төрийн байгууллага уг үйл ажиллагааны зардлыг хариуцаж байгаа бол бүсийн захирагч уг гэрээгээр ямар нэгэн мөнгөн төлбөрийн үүрэг хүлээхгүй юм.
Чөлөөт бүс доторх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг чөлөөт бүсийн захирагч гаргаж, түүний ажлын алба газар эзэмшигч, газар ашиглагчтай гэрээ байгуулах бөгөөд уг шийдвэрт эзэмших, ашиглах газрын хэмжээ, хугацааг тусгасан байна (22.2). Энэхүү гэрээ нь энэ хууль болон Газрын тухай хуульд нийцсэн байна.
Хилийн боомт дахь чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг хил хамгаалах байгууллага, бусад чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус тус гүйцэтгэнэ (25.2) гэж уг хуульд заасан. Хилийн боомттой давхцаагүй нутаг дэвсгэр дэх чөлөөт бүсийн харуул хамгаалалтыг гүйцэтгэх хувийн хэвшлийн харуул хамгаалалтын байгууллагатай байгуулах гэрээг Иргэний хууль, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулиар зохицуулж, уг үйлчилгээний хөлс, зардлыг бүсийн захирагчийн төсөвт суулгах нь зүйтэй юм.
- ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ
Чөлөөт бүс нь хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, сурталчлах зорилго бүхий хөрөнгө оруулагчдын төлөөлөгчдөөс бүрдсэн Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй байна (21.1).
Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн үйл ажиллагааг уг зөвлөлийн хурлаар баталсан дүрмээр зохицуулна (21.2). Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн дүрэмд зорилго, үйл ажиллагааны чиглэл, шийдвэр гаргах бүтэц, журам, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх эх үүсвэр, чөлөөт бүсийн захирагч болон орон нутгийн байгууллагатай хамтран ажиллах зарчим, чиглэл, орон нутгийн хөгжил, иргэдийн оролцоог хангах, хөрөнгө оруулагчдын эрх, үүрэг, хариуцлага зэрэг асуудлыг тусгах нь зүйтэй. Хөрөнгө оруулагчдын тоо олшрохын хирээр шийдвэр гаргах төлөөллийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, түүнийг сонгох журам зэрэг харилцааг зохицуулах шаардлага тулгарч болох талтай.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 21.3-т: “Хөрөнгө оруулагч нь чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр чөлөөт бүсийн менежментийг хэрэгжүүлж болно” гэж заасан. Чөлөөт бүсийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч удирдана гэдэг санаа оновчтой ч байж болох юм. Чөлөөт бүсийн менежментийг Хөрөнгө оруулагчдын зөвлөл биш, харин аль нэг хөрөнгө оруулагч хэрэгжүүлж болохоор хуульд заасан нь сонирхол татаж байна. Энэ тохиолдолд менежментийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах уу? Хөрөнгө оруулагчдын зөвлөл нь нэр дэвшүүлэх үү гэх мэт харилцаа зохицуулагдаагүй байна. Түүнчлэн чөлөөт бүсийн менежментийг хэрэгжүүлж байгаа тухайн хөрөнгө оруулагч нь чөлөөт бүсийн захирагчийн чиг үүргийг гүйцэтгэнэ гэсэн хэрэг мөн үү гэдэг асуулт урган гарч байна. Хэрэв чөлөөт бүсийн менежментийг хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулагч нь чөлөөт бүсийн захирагчийн энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж үзвэл төрийн зохистой оролцоог хангах механизм, хөрөнгө оруулагчийг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг гэрээнд маш нарийн тусгах нь зүйтэй. Харин чөлөөт бүсийн менежментийг хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулагч нь чөлөөт бүсийн захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхгүй гэж үзвэл тухайн хөрөнгө оруулагчийн бүсийн менежментийг хэрэгжүүлэх чиглэл, хүрээг нарийвчлан тогтоож, бүсийн захирагч ба уг хөрөнгө оруулагчийн харилцаа, хамтын ажиллагааг гэрээгээр маш нарийн зааглан зохицуулах шаардлагатай байна. Мөн менежментийн санхүүжилтыг төрөөс, эсхүл хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч хариуцах уу гэдгээс улбаалсан гэрээний онцлог нөхцөл, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусгагдах эсэх гэх мэт асуудал тодорхой байх нь зүйтэй байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Партнер Д.Дүгэржаваас авна уу. Утас: +(976) 99119181, +(976) 11 330048; email: dugerjav@mdsa.mn
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.