Улсын Их Хурал Дахь Ардчилсан Намын Бүлэг Эдийн Засгийн Ил Тод Байдлыг Дэмжих Тухай Болон Эдийн Засгийн Өршөөл Үзүүлэх Тухай Хуулийн Төслүүдийн Талаар Мэдээлэл Сонслоо (2015.01.27)
Энд дарж мэдээг татаж авна уу.
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт танилцууллаа.
Эдгээр хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг цаашид бусад намын бүлэг, Улсын Их Хурлын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд далд хөрөнгө, орлогыг ил болгон хуулийн хяналтад оруулж, татварын бааз суурийг өргөжүүлэх боломжтой болно гэж хууль санаачлагч үзэж байгаа юм байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн талаар
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн зорилго нь нуун дарагдуулсан эд хөрөнгө, орлогыг сайн дурын үндсэн дээр ил болгосон бол тухайн хөрөнгө, орлогод ногдох албан татвар, хүү, торгуулиас нэг удаа чөлөөлөх явдал бөгөөд ийнхүү хөрөнгө, орлогоо хууль батлагдсанаас хойш 6 сарын хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгох боломжтой юм байна.
Хуулийн төсөлд заасан чөлөөлөх албан татварт (i) Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, (ii) Хувь хүний орлогын албан татвар, (iii) Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, (iv) Нэмэгдсэн өртгийн албан татвар, (v) Онцгой албан татвар (vi) Гаалийн албан татвар болон тус тус хамаарна.
Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл тооцох бусад орлого болон гадаад улсад байгаа хөрөнгө болон орлогод нэгэн адил хамаарах юм байна.
Харин эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар нэгэнт ил болсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа болон шүүхээр шийдэгдсэн хэргийн хүрээнд ил болсон хөрөнгө, орлогод энэ хуулийг хамааруулахгүй байхаар хууль санаачлагч хуулийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн хууль батлагдсанаас хойш олсон хөрөнгө, орлогоо ил болгосон бол энэ хууль хамаарахгүй юм байна.
Төсөлд заасанчлан иргэн, хуулийн этгээд нь хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хөрөнгө, орлогоо ил болгон тайлагнах буюу бүртгүүлснээр тухайн хөрөнгө, орлогыг ил болгосонд тооцно.
Нэгэнт хөрөнгө, орлогоо ил болгосон бол уг хөрөнгө, орлогод ногдох татвар, хүү, алданги тооцохгүйн зэрэгцээ Татварын, нийгмийн даатгалын, гаалийн, нягтлан бодох бүртгэлийн болон авилгын эсрэг хуульд заасан Захиргааны хариуцлагаас чөлөөлөх юм байна. Цаашилбал, уг хуульд хамаарах хөрөнгө, орлогын асуудлаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглохын зэрэгцээ ил тод болгосон орлогын хэмжээ, эх үүсвэр, үнэ өртгийг нууцалж, холбогдох мэдээллийг нотлох баримт болгон ашиглахыг хориглохоор хуулийн төсөлд тусгажээ.
Монгол Улсын өмнө нь 2007 онд Татварын өршөөлийн тухай хуулийг баталж хэрэгжүүлж байсан бөгөөд уг хуулийн үйлчлэлийн хугацаанд нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр татвар төлөгчөөр бүртгүүлж, үүний үр дүнд 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум татварыг өршөөлд хамруулж байсан байна.
Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууийн төслийн талаар
Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулжээ. Тодруулбал, энэ хуулийн төслийг хамтад нь санаачилж, батлуулаагүй тохиолдолд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд хамаарах иргэн, хуулийн этгээд ил тод болгосон хөрөнгө, орлогодоо ногдох татвараас чөлөөлөгдөх хэдий ч ийнхүү нуун дарагдуулсан хөрөнгө, орлоготой холбоотойгоор Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт хамаарах ял шийтгэлээс чөлөөлөгдөхгүй байх нөхцөл байдал үүсэх юм.
Иймд дээрх нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Эдийн засгийн өршөөлд: (i) Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих; (ii) Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих; (iii) Аудитын тухай хууль тогтоомж зөрчих; (iv) Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх; (v) Татвар төлөхөөс зайлсхийх; (vi) Мөнгө угаах; (vii) Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр хил нэвтрүүлэх, ховор амьтан, их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэсийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг тус тус хамаарахаар хууль санаачлагч хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлд заасанчлан хэрэв дээрх гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр шалгагдаж байгаа этгээд өөрийн гэм буруугаа хүлээсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд хуульд заасан хугацаанаас өмнө үйлдсэн ижил төрлийн гэмт хэрэгт хууль батлагдсанаас хойш эрүүгийн хэрэг үүсгэхгүй юм байна.
Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэний улмаас (i) хорих ял шийтгүүлсэн ялтаны ялын үлдэх хугацаа; (ii) ялаа эдэлж суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааны үлдэх хугацаа тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацааны үлдэх хугацаа; (iii) түүнчлэн ял хойшлуулах хугацааны үлдэх хугацааг тус тус өршөөн хэлтрүүлэх юм байна.
Хэдийгээр тухайн этгээдийг ялаас өршөөн хэтрүүлсэн ч уг гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохиролыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд хохиролыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь иргэн, хуулийн этгээдэд нээлттэй юм байна.
Энэхүү өршөөлийн хуульд (i) онц аюултай гэмт хэрэгтэн; (ii) урд нь гурав ба түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн этгээд; (iii) ял шийтгүүлсэн бөгөөд ялгүйд тооцох хугацаа дуусаагүй этгээд; (iv) өмнө нь өршөөлийн хуульд хамрагдсан буюу Ерөнхийлөгчийн уучлалаар хорих ялаас чөлөөлөгдсөн боловч дахин гэмт хэрэг үйлдсэн этгээд тус тус хамаарахгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасны дагуу өршөөл үзүүлэх асуудал нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг бөгөөд өршөөлийг гагцхүү хууль батлах замаар нэг удаа үзүүлдэг болно. Монгол Улсад урд өмнө нь 1991, 1996, 2000, 2006, 2008, 2009 онуудад тус тус Өршөөл үзүүлэх хуулийг Улсын Их Хурлаас баталж байсан бөгөөд эдгээрээс 2008 онд татварын өршөөлийг тусгайлан үзүүлж байсан байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Удирдах Партнер Ж.Майзоригоос авна уу. Утас: +(976) 8810305, +(976) 11 330048; email: maizorig@mdsa.mn
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.