Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

“Ахмад Настны Чиглэлээрх Хууль Тогтоомжид Дүн Шинжилгээ Хийж, Эрх Зүйн Орчны Хийдэл, Давхардлыг Тодорхойлох Замаар Бодлого, Төлөвлөлтийг Боловсронгуй Болгох, Цаашдын Чиг Хандлагыг Эрх Зүйн Орчинд Тусгах Санал, Зөвлөмж Боловсруулах” Захиалгат Ажлын Эцсийн Тайлан

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ.

  • УДИРТГАЛ

              Дэлхийн 10 хүн тутмын 1 нь 60-аас дээш насны ахмадууд байгаа бол манай улсын хувьд 20 хүн тутмын 1 нь 60-аас дээш насны өндөр настнууд байна. Гэхдээ хүн амын насны бүтцэд өөрчлөлт орж, дундаж наслалт уртасч байгаатай холбоотойгоор энэ тоо ойрын жилүүдэд 2 дахин өсөхөөр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд монгол улсын нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн байхад өндөр настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Энэхүү үүсч байгаа насжилтийн үзэгдэл нь монголд төдийгүй дэлхий дахинд зайлшгүй тулгамдсан асуудал болоод байна. \С.Эрдэнэ, “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөлдөх уулзалтад тавьсан илтгэл, 2013 оны 2 дугаар сарын 4, Дархан хот\

Хүн амын насжилтыг угтахад баримтлах Монгол төрийн бодлогыг 2009 онд тодорхойлж, ахмад настны аж байдлыг сайжруулах, тэднийг нийгмийн амьралд оролцох нийгмийн идэвхитэй гишүүн байх тааламжтай орчныг бий болгох, эрүүл насжих нөхцлийг нэмэгдүүлэх үндэсний бодлогыг баталсан байна. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ахмад настны эрүүл мэнд болон ажлын чадвартай ахмад настнуудыг эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллах нөхцөл, бололцоогоор хангах, тэдний мэдлэг, ажлын ур чадвар, арвин их туршлагыг залуу боловсон хүчинд өвлүүлэн үлдээх  явдлыг чухалчлан Монголын ахмад мэргэжилтнүүдийн Үндэсний сүлжээг зохион байгуулж, байгууллагуудад зөвлөгөө өгөх, гэрээгээр түр хугацаагаар ажиллуулах зэргээр мэдлэг, туршлагыг нь өвлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтыг тусгажээ.

Өндөр настан: статистик мэдээллээр

 Үндэсний статистикийн газраас Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнд үндэслэн гаргасан “Өндөр настан” сэдэвчилсэн судалгаанаас үзвэл, |уг судалгаанд 60-аас дээш насны бүх хүмүүсийг “өндөр настан” гэж тодорхойлжээ\ 2000-2010 оны хоорондох хугацаанд Монгол улсын хүн ам 16,1 хувиар өсч, жилийн дундаж өсөлт нь 1,5 хувь байв. Харин өндөр настны тоо 22 хувиар өсч жилийн дундаж өсөлт 1,8 хувь байна. Өсөлтийн энэ түвшин 1989-2000 оны өсөлтөөс 1,4 пунктээр, нийт хүн амын жилийн дундаж өсөлтөөс 0,2 пунктээр өндөр байна. Өндөр настны тоо ингэж өссөн нь тус улсын хүн амын төрөлт огцом өссөн 1950-иад оны дунд үед шинээр мэндэлсэн иргэд ахмад үеийнхний эгнээнд орж байгаатай холбоотой. Хүн амын тоо 1950-иад оны дунд үеэс хурдтай нэмэгдэж, 1989 он хүртэл жилд дунджаар 2,5-аас илүү хувиар өсч байв. Энэ нь ард түмний аж байдал, хүн амын эрүүл мэндийн түвшин дээшилж, төрөлт нэмэгдэхийн зэрэгцээ нас баралт буурч, гадаадад шилжих хөдөлгөөн бараг байхгүй байсантай холбоотой байна.

Сүүлчийн гурван 10 жил дараалан нийт хүн амын 5 орчим хувийг өндөр настан эзэлж байна.

Хот, суурин газарт амьдарч байгаа өндөр настны тоо өмнөх 10 жилийнхээс 15,6 пунктээр нэмэгдсэн нь сүүлчийн 10 жилд хүн амын хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнтэй холбоотой.

Тус улсад хүйсийн харьцаа 1979 оноос хойш бага зэрэг буурч байгаа нь эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс илүү байдагтай холбоотой.

Хүйсийн харьцаа насны бүлэг ахих тутам мэдэгдэхүйцээр буурч байгаа нь зүй ёсны үзэгдэл. Дэлхийн хүн ам зүйн олон жилийн судалгаанаас үзэхэд төрөх үеийн хүйсийн харьцаа  дунджаар 104-106 хооронд байдаг. Монгол Улсад төрсөн хүүхдийн хүйсийн харьцаа сүүлийн 5 жилд 103-104 байсан байна.

Өндөр настны хүйсийн харьцаа насны бүлэгт ахих тутам буурч байгаа нь эмэгтэйчүүд харьцангуй урт насалж байгаатай холбоотой. Үүнийг ахимаг насны бүлэгт, тухайлбал, 70, түүнээс дээш насанд хүйсийн харьцаа 64,66 болж огцом буурч байгаагаас харж болно. Хүн амын тооны өөрчлөлт нь төрөлт, нас баралт мөн хүн амын шилжих хөдөлгөөнөөс хамааралтай байдаг.

Манай улсын хүн амын насны бүтцэд 2000 оноос нэлээд өөрчлөлт гарчээ. Хүн амын насны бүтэц идэршэж, хөдөлмөрийн насны хүн амын тоо хамгийн их байх үе буюу “хүн ам зүйн цонх”-ны үе эхлээд байна. Хүн ам зүйн энэхүү онцлог үе цаашид удаан үргэлжлэхгүй байж ч болох юм. Ийнхүү хүн амын насны бүтэц аажмаар өөрчлөгдөж, өндөр настны бүх хүн амд эзлэх хувь нэмэгдэх юм.

Хотод байнга оршин суудаг өндөр настны дийлэнх нь шилжин ирсэн байхад хөдөөгийн өндөр настны 81,0 хувь нь уугуул нутагтаа амьдарч байна. Энэ нь хөдөөнөөс хотруу шилжин суурьшигчдын дийлэнх нь залуу, идэр насныхан байж, хөдөөд гол төлөв хөгшчүүл төрсөн газартаа үлдэж байгааг харуулж байна.

Монгол Улсын хүн амын хүйсийн харьцаа 1989 онд 99,7 , 2000 онд 98,5 , 2010 онд 98,1 болж буурах хандлагатай байна. Өндөр настны хувьд хүйсийн харьцаа улсын дунджаас нэлээд доогуур байдаг нь эмэгтэйчүүдийн дундаж нас эрэгтэйчүүдийнхээс ямагт өндөр байдагтай холбоотой. Нас ахих тутам хүйсийн харьцаа буурдаг.

Өндөр настны гэр бүлийн байдал нь хүн амын болон залуучуудын гэр бүлийн байдлаас нилээд ялгаатай. Огт гэр бүл болоогүй хүний эзлэх хүвь бага, бэлбэсэн хүний эзлэх хувь нэлээд өндөр байдаг онцлогтой. Хүн амын насны бүлэг ахих тутам өндөр насны бэлбэсэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс олон байна.

Ялангуяа 65, түүнээс дээш насанд бэлбэсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 24 мянгаар илүү байна. Энэ байдал 2000 оны тооллогын үр дүнгээс ч харагдаж байсан.

Өндөр настны өрхийн тэргүүний 60,5 хувийг эрэгтэйчүүд, 39,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж, эрэгтэй тэргүүлэгчтэй өрх 1,5 дахин их байгаа нь гэр бүлийн нөхөр нь амьд сэрүүн байгаа тохиолдолд эрэгтэй нь өрхөө тэргүүлдэг монголын уламжлалт заншилтай холбоотой. Өрхийн тэргүүн 6955 эрэгтэй, 14631 эмэгтэй ганц биеэр амьдарч байна. Ганц биеэр амьдарч байгаа өрхийн тэргүүн эрэгтэй, эмэгтэйчүүд өмнөх тооллогоос хойших хугацаанд 1,7 дахин нэмэгдсэн нь анхаарал татах асуудал болж байна. Энэ нь ахмадуудын оршин сууж байгаа орон нутгийн төр, захиргааны байгууллагаас тэдний нийгмийн асуудалд илүү анхаарах шаардлагатайг харуулж байна. Өрхийн тэргүүлэгчийн байдлыг насны бүлгээр ангилж үзвэл насны бүлэг ахих тутам өндөр настан тэргүүнтэй өрх цөөрч хүү, охиныдоо амьдардаг өндөр настны эзлэх хувь нэмэгдэж байна.

Өндөр настны нийт өрхийн 6,7 хувь буюу 6403 өрх, үүнээс хотод 5008 өрх, хөдөөд 1459 өрх өөрийн гэсэн сууцгүй учраас бусадтай хамтран амьдарч байна. Энэ нь үр хүүхэд, бусад хамаатан садантайгаа хамтран нэг өрх болж байгаа дээрх өндөр настнаас ялгаатай бөгөөд тэдгээр нь өндөр настны бие даасан тусгай өрх гэдгийг ойлгох нь чухал.

Хот, хөдөөд амьдарч байгаа өндөр настны өрхийн сууцны төрөл нэлээд ялгаатай байна. Өндөр настны нийт өрхийн 61,9 хувь нь байшинд, 39,1 хувь нь гэрт амьдарч байна. Хот, хөдөөд байшинд амьдардаг өндөр настны тоо өсч байгаа нь тохилог сууцад суугчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ иргэд өөрсдөө байшин барьж, амьдрах бололцоо нэмэгдсэн явдал юм.

Байшинд амьдардаг өрхийн 43,9 хувь төвлөрсөн халаалтын системд холбогдсон, 52,0 хувь нь ердийн галлагаатай байна.

Мэргэжлийн боловсон хүчнийг 1950-иад оноос эхлэн хилийн чанадад бэлтгэж, улмаар 1960-аад оноос мэргэжлийн дунд болон дээд боловсролтой боловсон хүчнийг дотооддоо олноор бэлтгэх болсонтой холбоотой их, дээд болон мэргэжлийн дунд шатны сургуульд суралцагчдын тоо нэмэгдэж байсан 1960-1980-аад онд 20-25 орчим настай байсан хүмүүс одоо өндөр настны эгнээг тэлж байгаа нь өндөр настны боловсролын бүтцийг өөрчлөгдөхөд нөлөөлжээ.

Улсын хэмжээнд өндөр настны 96,0 хувь бичиг үсэг мэддэг, эрэгтэйчүүдийн 98,2 хувь, эмэгтэйчүүдийн 94,4 хувь бичиг үсэг мэддэг байна. Мөн хотод байнга оршин суудаг өндөр настны 96,9 хувь, хөдөөгийн өндөр настны 92,5 хувь нь бичиг үсэг мэдэж байгаа нь хотынхоос 4,4 пунктээр доогуур байна. Энэ нь өмнөх 2 удаагийн тооллогын дүнд гарсан өөрчлөлтөөс бага байна.

“Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулиар өндөр настны ажил эрхлэх боломжийг хязгаарласан. Гэвч амьдралын зайлшгүй шаардлага, хэрэгцээ болон хувь хүний чадвар, хүсэл сонирхол, идэвхээс хамаарч өндөр настны 8 хүн тутмын нэг нь ажил эрхэлж байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амд өндөр настны 8,4 хувь буюу 12,7 мянган хүн хамаарагдаж байна.

Нийт хүн амын болон өндөр настны эдийн засгийн идэвхийн төвшин хөдөөд хотоос ( 2,8 пунктээр) илүү байгаа нь монголын онцлог. Монгол улсын хувьд хөдөө аж ахуйн салбарт ялангуяа мал аж ахуйн үйлдвэрлэлд өндөр настан оролцох өргөн боломжтой. Харин хот, суурин газарт байнга суудаг өндөр настны ажиллах ажлын байр хүрэлцээгүй, аж ахуйн нэгж байгууллагууд тэднийг ажиллуулах сонирхол бага, ерөнхийдөө хуулийн зохицуулалтаар өндөр настны ажиллах эрх зүйн орчинг хязгаарласан байдаг. Манай улсын өндөр настны боловсрол, мэргэжил, насны бүлэгт өмнөх 2 удаагийн тооллогын дүнтэй харьцуулахад нэлээд өөрчлөлт гарсан байна. Ялангуяа 65 хүртэлх насны хүн амын боловсрол, мэргэжил, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тэдний ажиллах нөхцөл боломжоор хангах, нийгэм, эдийн засгийн тухайн үеийн төрийн бодлогоор бэлтгэгдсэн энэхүү үнэт нөөцийг цаг алдалгүй бүрэн ашиглах талаар төр, засаг болон аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдмэл бодлоготой ажиллах нь чухал юм. Цаашид нарийн мэргэшсэн, өндөр боловсролтой, түүнчлэн эрдэмтэн доктороор тэдний эгнээ өргөжих тул оюуны болон мэргжлийн туршлага, чадавхийг ашиглах системтэй тогтолцоог бий болгох нь нийгэмд ч хувь хүндээ ч эерэг үр дүнг авчирна. Үүний тулд тэднийг ажиллуулах таатай нөхцлийг бүрдүүлсэн хууль эрх зүйн орчинг бий болгон хэрэгжүүлснээр хүмүүнлэг ардчилсан нийгмийн нэг томоохон асуудлыг шийдвэрлэх боломж байна.

Өндөр насны эмэгтэйчүүдийн эдийн засгийн идэвх эрэгтэйчүүдээс нэлээд доогуур байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай Монгол Улсын хуульд “… 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн, төрүүлсэн болон 3 хүртэл настайд үрчлэн авсан 4 түүнээс дээш хүүхэдтэй, отгон хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өнлөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн заалттай уялдан эмэгтэйчүүд эрт тэтгэвэрт гардагтай холбоотой. Иймээс өндөр насны эмэгтэйчүүдийн эдийн засгийн идэвх өмнөх 2 удаагийн тооллогын дүнтэй харьцуулахад буурч, 2000 оны түвшингөөс 3,2 пунктээр буурсан байна. Ингэж эмэгтэйчүүдийн эдийн засгийн идэвх доогуур байгаа нь тэдний амьжиргаанд сөргөөр нөлөөлж ялангуяа эрүүл мэнд доройтох, ядууралд өртөх магадлал өндөр болно.

“Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогын улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг хөгжлийн бэрхшээлтэй” гэж үзнэ. Улсын хэмжээнд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 108,1 мянган иргэн байгаа нь нийт хүн амын 4,1 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 12 525 өндөр настан байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй нийт хүн амын 11,6 хувь , өндөр настны 8,3 хувийг тус тус эзэлж байна.

Манай улсын хөдөлмөрийн хүн амын 85,3 хувь нь гар утас хэрэглэж байгаагийн зэрэгцээ өндөр настны 15 орчим хувь нь үүнээс хотод амьдарч байгаа өндөр настан 9 хүний нэг нь гар утас хэрэглэж байна.

Телефон утас болон түрээсийн шугам, өндөр хурдны хэрэглэгчийн тоон шугам буюу DSL, ADSL, байнгын гарцтай, өндөр хурдны кабель модем, шилэн кабель хэрэглэгчдийг интернет хэрэглэгч гэж үзэв. Интернетийн байнгын хэрэглээг гэртээ болон гэрээсээ бусад газар 7 хоногийн ихэнх хугацаанд хэрэглэж байгаа тохиолдлоор тухайн үеийн хэрэглээг интернет үйлчилгээний цэг зэрэг газарт шаардлага гарсан үед хэрэглэж байвал “ шаардлагатай үед” гэж тодорхойлсон.

Монгол улсын хүн амын 30,6 хувь, харин өндөр настан тэргүүлэгчтэй өрхийн 7,6 хувь нь интернет хэрэглэж байна. Интернет хэрэглэж байгаа өрхийн бараг ½ нь хотод байна.

Ахмад настны эрхийг хамгаалах, нийгмийн үйлчилгээ, халамжийн талаарх хууль тогтоомжийн судалгаанд үндэслэн өнөөгийн хүн ам зүйн цонх үе болон цаашид насжилтыг угтсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бодлогод тусгах асуудлаар судлаачид, олон нийтийн санаа бодлыг танин мэдэх, бүх талын оролцоог дэмжих нь шинэчлэлийн Засгийн газрын чухал зорилтуудын нэг, шинэ хандлага, шинэ арга барил болж буйн нэг илрэл нь энэхүү захиалгат ажил болж байна.

  • ТАЛАРХАЛ

“Ахмад настны чиглэлээрх хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, эрх зүйн орчны хийдэл, давхардлыг тодорхойлох замаар бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, цаашдын чиг хандлагыг эрх зүйн орчинд тусгах  санал, зөвлөмж боловсруулах”  эрх зүйн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх энэхүү сонирхолтой төслийг хэрэгжүүлэх боломж олгосон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, дэд сайд Э.Тамир, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, хамтран ажилласан сайдын зөвлөх Д.Даштамир, Газрын дарга Д.Амарсайхан, мэргэжилтэн Р.Нарантуяа, А.Нэмэхбаатар болон тус яамны хамт олон,  уг төслийг санхүүжүүлсэн Азийн хөгжлийн банкны Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрийн хамт олонд “Эм Ди Эс энд Ассошейтс”  хуулийн фирмийн баг гүнээ талархал илэрхийлж байна.

Манай багийн ажлын хүрээнд “Оюуны өндөр чадамжтай ахмад настнуудын ажил эрхлэх сонирхлыг тандах” түүвэр судалгаа явуулж, нэгтгэн тайлан, санал дүгнэлтээ боловсруулж ирүүлсэн судлаач Р.Нарантуяа,  “Ахмад настны амьралыг чанар” түүвэр судалгаа явуулж,  нэгтгэн тайлан, санал дүгнэлтээ боловсруулж ирүүлсэн “Олон нийтийн санал” ТББ-ын гүйцэтгэх захирал Нямдорж, түүний баг, хөдөө орон нутгаас мэдээлэл цуглуулахад дэмжлэг үзүүлсэн Монголын Хууль эмэгтэйчүүдийн холбооны хамт олон, тус холбооны хэрэгжүүлж байгаа “Засаглалын ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрт оролцогч орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд санал асуулга, ярилцлагад оролцсон нийт ахмадуудад гүн талархал илэрхийлж байна.

Манай багийнхан Гэрээ болон түүний хавсралтад заасан ажлын удирдамж, хуваарийн дагуу эцсийн тайланг гарган үүгээр хүргүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна.

  • ЗОРИЛГО

Энэхүү ажлын зорилго нь Ахмад настны чиглэлээрх хууль эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, эрх зүйн орчны хийдэл, давхардал, зөрчлийг тодорхойлох замаар бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, цаашдын чиг хандлагыг эрх зүйн орчинд тусгах санал, зөвлөмж гаргахад оршино.

  • СУДАЛГААНЫ АРГА, АРГАЧЛАЛ

Бид энэхүү эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга, арга зүйн талаар ХАХНХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэн батлуулсны үндсэн дээр хэрэгжүүллээ. Энэхүү зөвлөх үйлчилгээнд бид дараах арга, аргачлалыг баримталлаа:

  • Хууль зүйн судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
  • Бичиг баримтын судалгаа шинжилгээ
  • Газар дээрх судалгаа шинжилгээ
  • Салбарын судалгаа шинжилгээ \үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт, аргачлал, тэргүүн туршлага, төрийн болон төрийн бус байгууллагын практик үйл ажиллагаатай танилцах г.м\
  • хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах
  • Түүвэр судалгаа
    • Оюуны өндөр чадавхитай ахмад настны хөдөлмөрлөх хэрэгцээг тандах судалгаа
    • Ахмад настны амьдралын чанарын судалгаа
  • Статистик мэдээлэл, өмнө нь хийгдсэн судалгааны тайлангууд
  • Санал зөвлөмж, хууль зүйн дүгнэлт гаргах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХУУЛЬ ТОГТООМЖИД АХМАД НАСТНЫ ЭРХ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ХЭРХЭН ТУСГАГДСАН БОЛОН ТЭДГЭЭРИЙН УЯЛДАА ХОЛБОО, ДАВХАРДАЛ, ХИЙДЛИЙН СУДАЛГАА

Хууль тогтоомжийн албан ёсны цахим сан болох www.legalinfo.mn –аас хайлт хийж ахмад настны эрх, нийгмийн хамгааллын талаар хэм хэмжээ тогтоосон 10 хууль, 22 эрх зүйн бусад баримт бичгээс хамааралтай бүх болон холбогдох заалтыг түүвэрлэн авч анализ хийх, хайх ажлыг гүйцэтгэлээ. Ахмад настны талаарх хууль, эрх зүйн баримт бичгүүдийг нэгэн хавтгай дээр байрлуулан анализ, харьцуулалт хийж, судлаачдын багийн дүгнэлт, санал, зөвлөмжийг тусгасан “Хүчин төгөлдөр хууль тогтоомжид ахмад настны эрх, нийгмийн хамгааллын асуудал хэрхэн тусгагдсан болон тэдгээрийн уялдаа холбоо, давхардал, хийдлийн судалгаа”-гааг бид цаашид “Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн матриц” буюу “Хууль тогтоомжийн матриц” гэж энэ тайланд нэрлэсэн болно.

МАТРИЦЫГ ХАВСАРГАВ. Уг file  дээр манай багийн хийсэн анализ, дүгнэлтийг улаан өнгөөр, www.legalinfo.mn дээрээс олдохгүй байгаа  буюу өөр ямар нэг асуудалтай эрхийн актын талаархи мэдээллийг цэнхэр өнгөөр, төрийн эрх бүхий байгууллагаас батлан гаргахаар хуульд заасан боловч одоогоор батлагдаагүй байгаа хуулийн хэсэг, заалтыг хараар будаж тус тус тэмдэглэсэн болно.

Энэхүү матрицийг боловсруулахдаа хууль зүйн шинжлэх ухааны судалгааны нийтлэг арга зүйг ашиглахын зэрэгцээ ”Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай”  Засгийн газрын 2010 оны 68 дугаар тогтоол, “Аргачлал батлах тухай”  ХЗДХС-ын 2010 оны 84 дүгээрр тушаал, ХЗДХЯ, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2010 онд хамтран гаргасан гарын авлага зэргийг судалж ашигласан болно. Хууль зүйн цахим мэдээллийн сангаас олдохгүй байгаа эрхийн актуудын талаар ХЗЯ-нд албан бичиг илгээн хариу авсан боловч зарим акт олдоогүй тул салбарын яамд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичгээр хандах зэргээр мэдээллийг аль болох бүрэн цуглуулахыг хичээсэн болно. Хууль тогтоомжийн матриц нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн актын давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлж уялдаа холбоог сайжруулах талаарх манай багийн санал, зөвлөмжийг нэг дэлгэц дээр харах боломж олгоно.

Холбоотой хуулиудын хамрах хүрээ, зохицуулалтын талаар судалж, хуулиас бусад эрх зүйн акт, бодлогын баримт бичгүүд \УИХ, Засгийн газар, Сайд (Яам), Агентлаг болон бусад холбогдох байгууллагын шийдвэр, төсөл, хөтөлбөр\, шийдвэр гаргагчдын тавьсан илтгэл,  хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавигдсан мэдээлэл, судалгааны материал, статистик мэдээлэл, сэдэвчилсэн судалгааны тайлан, зарим гадаад улсын ижил төстэй хуулийн зохицуулалт зэргийг харьцуулан судалсан болно.

Хууль тогтоомжийн матриц-судалгааны явцад манай баг хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил болон эрх зүйн орчныг цаашид боловсронгуй болгох талаар дараах гол дүгнэлтүүдийг хийж, санал зөвлөмж өгч  байна:

  1. Үндсэн хуулийн 16.5-д: өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг. Өндөр насны тэтгэвэр, мөнгөний тусламж, авах эрх зүйн орчинг Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Монгол Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Ардын болон Гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай зэрэг хуулиар бүрдүүлсэн байна гэж үзэв. Харин “эд” гэдэгт юуг хамааруулж ойлгох асуудлыг судлах шаардлагатай. Бидний үзэж байгаагаар таяг, тэргэнцэр зэрэг тусгай хэрэглэгдэхүүнээр хангах, асрамжийн газар байрлуулахаас гадна, ахмад настнуудыг орон сууцаар хангах асуудлыг хамааруулж авч үзэх шаардлагатай гэж үзэж байна.
  1. Аливаа хуулийн зохицуулах харилцаа, зохицуулалтын хамрах хүрээ нь уг хуулийн зорилтоор шууд тодорхойлогддог. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн зорилтыг тодорхойлохдоо: “Энэ хуулийн зорилт нь ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний төрөл, хэмжээг тогтоож, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын энэ талаар хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ. “Нийгмийн хамгаалал”, “нийгмийн үйлчилгээ” гэсэн ялгаатай ойлголтыг нэгтгэж  “нийгмийн хамгааллын үйлчилгээ” гэсэн шинэ нэр томъёо хэрэглэжээ. Түүнчлэн “үйлчилгээний…  хэмжээ” гэсэн нь логикийн хувьд тохиромжгүй байна. Уг хуулийн зорилтод дурдсан “нийгмийн хамгааллын үйлчилгээ” гэдэг  ойлголт нь уг хуулийн 4 дүгээр зүйлд “нийгмийн хамгааллын арга хэмжээ” гэсэнтэй зөрчилтэй. Өөрөөр хэлбэл, ойлголт, нэр томъёоны зөрүү байна.  Ахмад настны нийгмийн хамгааллын асуудал нь бүх нийтээр анхаарах ёстой асуудал байтал зөвхөн төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын  хүлээх эрх, үүргийг тодорхойлохоор энэ хуулийн зоритлыг хязгаарласан нь учир дутагдалтай байна.  ОХУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настны нийгмийн үйлчилгээний тухай 1995 оны хуулийн зорилт нь хүн амын нийгмийн хамгааллын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настны нийгмийн үйлчилгээтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах,  нийгэмд хүн хүнээ хайрлах, нижин сэтгэлээр энэрэх зарчмыг тогтоох үүднээс  хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настны  эдийн засаг, нийгэм, эрх зүйн баталгааг бий болгоход оршино гэж заасан байна. 1996 онд батлагдсан БНХАУ-ын Ахмад настны эрхийг хамгаалах тухай хуулийн 1.7-д: Ахмад настны хууль ёсны эрхийг хамгаалах нь нийгмийн бүх нийтийн үүрэг хариуцлага мөн гэжээ. ОХУ, БНХАУ-д Ахмад настны эрхийг баталгаатай хангах асуудлыг гол үзэл баримтлалаа болгон хуулийн зорилтоо тодорхойлсон байх бөгөөд энэ хандлагыг цаашид хуулийг боловсронгуй болгохдоо анхаарах нь зүйтэй.  Өөрөөр хэлбэл, ахмад настанд хүний эрхийн үүднээс хандах хандлага, нийгэмд хүн хүнээ хайрлах, нинжин сэтгэлээр энэрэх, бүх нийтийн хариуцлагыг тогтоох зарчмыг гол үзэл баримтлал болгох чиглэлд анхаарах нь зүйтэй байна.
  1. Уг хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон  З дугаар зүйлд: “60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн энэ хуульд хамрагдана” гэжээ. Мөн Нийгмийн даатгалын
    сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн “Өндөр насны тэтгэвэр авах эрх”-ийг тодорхойлсон 4 дүгээр зүйлд: “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж тус тус заасан. Бидний хийсэн анализаар,  Нэгдүгээрт, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг зөвхөн Монгол Улсын иргэнд хамааруулахаар хуульчилсан бөгөөд ОХУ шиг гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хамааруулж үзээгүй нь хүний эрхийн үүднээс авч үзвэл учир дутагдалтай байна. Хоёрдугаарт, Судалгаагаар манай эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт насалж байна. \ҮСГ-ийн Хүн ам, орон сууцны 2010 оны  улсын тооллого: “Өндөр настан: Сэдэвчилсэн судалгаа” 24-р тал\.  Өндөр настны хувьд хүйсийн харьцаа улсын дунджаас нэлээд доогуур байна. Энэ нь эмэгтэйчүүдийн дундаж нас эрэгтэйчүүдийнхээс ямагт өндөр байдагтай холбоотой. Нас ахих тутам хүйсийн харьцаа буурч байгааг статистик харуулж байна. Эрэгтэйчүүд эрт  нас барж буй нь статистик мэдээллээр ийнхүү нотлогдсоор байгаа өнөөгийн нөхцөлд тэд эмэгтэйчүүдээс даруй 5 жилийн дараа “ахмад настан” болж энэ хуульд заасан нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах эрх нээгдэж буй нь зүйд хир нийцэх вэ? гэдэг асуудал байна.  Гуравдугаарт, Тэтгэврийн хуульд эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдээс даруй 5 жилийн дараа тэтгэвэрт  гаргахаар  заасан нь тэдний наслалтад хэрхэн нөлөөлж буйг цаашид судлах шаардлагатай.  Нөгөөтэйгүүр, хэдийгээр хуульд “55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан хэдий ч бодит байдал дээр 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсээгүй байхад нь “тэтгэврийн авгай залууст зайгаа тавьж өгөх болсон” гэдэг хандлага амь бөхтэй оршиж, мэдэгдлийг нь өгөх, төрийн албан хаагчийн хувьд “байгууллагын дараа оны төсөвт таны нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг  суулгасан байгаа” гэх мэт тойруу замаар “тэтгэвэртээ гар” гэдгийг сануулсаар өргөдлийг нь өгүүлж, эмэгтэйчүүдийг эрт тэтгэвэрт гаргасаар байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 5 жилийн өмнө тэтгэвэрт гарах боломж бий болгосон хуулийн энэхүү заалтыг тэдний “хөдөлмөрлөх эрхийн алагчлал” гэж үздэг олон нийтийн санал байдгийг ч харгалзан үзэх нь зүйтэй. Энэхүү богино хугацааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээт ажлын хүрээнд “Олон нийтийн санал” төрийн бус байгууллагаас явуулсан судалгаанд оролцогч ахмад настнуудын 55 хувь нь одоогийн хуулиар тогтоосон тэтгэврийн насыг нэмэх хэрэгтэй гэж үзэж буйг эхний ээлжинд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг ижил болгох үүднээс авч үзэж болох талтай байна.
  1. Ахмад настны нийгмийн халамжийн тухай хуулийн 8.5, 6-д заасны дагуу батлагдсан Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт болох “Ахмадын сан байгуулан ажиллуулах журам”-ын хувьд: Нэгдүгээрт, уг сангийн эх үүсвэр гэдэгт \1.6\ “бусад эх үүсвэр” гэж бичжээ. Энэ нь Монгол Улсын   Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан  “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д  шийдвэрийн төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийж, түүнд дараахь нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ гэсний дотор  “хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулаагүй байх”  шаардлагыг зөрчиж байх магадлалтай байна. Наанадаж “хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр” гэж оруулах нь зүйтэй байна. Хоёрдугаарт, уг журмын 1.8-д: “Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журамд нийцүүлэн сангийн үйл ажиллагааны нарийвчилсан журмыг батална” гэжээ. Уг хуулийн 8.6-д зааснаар хууль тогтоогч энэ эрхийг Засгийн газарт олгосон байтал Засгийн газар ийнхүү ААНБ-д уг эрхээ шилжүүлсэн нь зохимжгүй байна. Гуравдугаарт, Сангийн эх үүсвэрийг зарцуулах зориулалтыг тогтоосон хэсэгт \3.1.5\ “бусад зардал” гэсэн нь  уг хуулийн   8.4-8.5-д заагаагүй зүйлд зарцуулах боломж олгож хууль зөрчсөн байна. Сангийн зарцуулалтын зориулалт нь маш тодорхой байх шаардлагатай.
  2. Ядарсан өндөр настан хууль, журмаар тогтоосон халамжийг хүртэхдээ бүрдүүлэх материал хэт олон тул цаг, мөнгө зарцуулах, хүнд суртал ихтэй байна. Нийгмийн ажилтан ахмад настныг мэдээллээр хангах үүрэгтэй байх, хүрч үйлчилдэг эрх зүйн орчин, техникийн нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. ЗГ-ын 2012 оны 185-р тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын  3-р зүйлд зааснаар бүрдүүлэх бичиг баримтын шаардлага нь маш их хүнд сурталтай байна. Энэ  журмын 3-р зүйлд бичиг баримт бүрдүүлэхийг шаардсан нийт 29 заалт байна. Бидний үзэж байгаагаар нийгмийн ажилтан нь иргэний бүртгэлийн зэрэг төрийн зарим байгууллагад байгаа мэдээллийг сүлжээгээр авах эрх зүйн орчин, техникийн нөхцөлийг нь бүрдүүлж чадвал эдгээрээс бичиг баримт шаардсан 9 заалтыг хэрэгсэхгүй болгон хасч, 7 заалтын дагуу бичиг баримтыг анхны  удаа аваад дараагийн удаад шаардах хэрэггүй байж болохоор байна. Үлдсэн 13 нь мөнгө төлсөн баримт зэрэг зайлшгүй бүрдүүлэх баримт байна.  Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд  хүнд суртлыг багасгахад чиглэсэн өөрчлөлт оруулах нэн  шаардлагатай.  Уг хуулийн дурдсан зүйл, заалтын  дагуу “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам–ыг Засгийн газрын 2012 оны 185 дугаар
    тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталжээ. Энэ журмын  зургаадугаар зүйлийн дагуу бүрдүүлэх бичиг баримт нь мөн л ихээхэн хүнд суртал үүсгэж байна. Энэ журамд тоочсон бичиг баримтыг нь мэдэж, явж цуглуулах чадвар тухайн ахмад настанд бараг байхгүй. Чадал муутайхан өрхийн ахмад настан энэ халамжийг нь хүртэх боломжгүй, харин ч үр хүүхэдтэй боломжийн хүмүүс нь уг эрхээ хэрэгжүүлдэг байж болохоор байна. Статистик мэдээллээс үзвэл, өрхийн тэргүүн 6955 эрэгтэй, 14631 эмэгтэй ганц биеэр амьдарч байна. Ганц биеэр амьдарч байгаа өрхийн тэргүүн эрэгтэй, эмэгтэйчүүд өмнөх тооллогоос хойших хугацаанд 1,7 дахин нэмэгдсэн нь анхаарал татах асуудал болж байна. Жишээ нь, уг журмын 6.3.5-д зааснаар орон гэргүй ахмад настан халамжид хамрагдахын тулд орон сууц, хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа гаргуулж төрийн байгууллагад өгөх ёстой байна. Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад яаралтай бол 10000 төгрөг, ердийн бол 5000 төгрөг байдаг. Орон гэргүй ахмад настан  энэ лавлагааг авахад төлөх мөнгөтэй юу? Төрийн байгууллагууд мэдээллээ цахим хэлбэрт оруулж, цахим сүлжээ ашиглан холбогдох албан тушаалтан шаардлагатай мэдээллийг үнэ төлбөргүй авах боломж бүрдүүлэх нь зүйтэй байна. Олон жил яригдаад байгаа Мэдээллийн технологийн аюулгүй байдлын тухай, Электрон гарын үсгийн тухай хуулиудыг зайлшгүй батлан гарах шаардлагатай. Мянганы сорилын сан дээр  Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, цахим мэдээлэл, сүлжээ нэвтрүүлэх зорилго бүхий PINN   хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. Уг хөтөлбөртэй одооноос хамтран ажиллаж хүнд суртлыг багасгах эрх зүйн болон техникийн орчныг бүрдүүлэхийг зөвлөж байна.
  3. Ахмад настан хамрагдаж болох үйлчилгээг тодорхойлсон Нийгмийн хамгааллын арга хэмжээ гэж нэрлэсэн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 1.7-д: хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ; 4.1.8-д: эрүүл мэндийн үйлчилгээ гэж заасныг хэрэгжих нөхцөлийн хувьд хийдэлтэй гэж бид үзэв. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар хамтын гэрээнд тусгахаар байгууллагын эрх мэдэлд үлдээснээс өөр ахмад настны хөддөлмөрийг дэмжих чиглэлийн тодорхой зохицуулалт байхгүй байна. Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн 21-р зүйлд заасан эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ нь зөвхөн амжиргааны түвшин ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнд хамаарч байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн 18, 19-р зүйлд ахмад настанд үзүүлж буй олон нийтэд түшиглэсэн болон төрөлжсөн үйлчилгээнд ахмад настанд шаардлагатай наад захын эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зохицуулалт байхгүй  тул нэмэх талаар судалж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэв. Бидний судалснар ОХУ-ын дээр дурдсан хуульд гэрийн үйлчилгээнд үе үе унадаг, халдварын идэвхгүй үе дэх сүрьеэ, хорт хавдрын хожуу үед байгаа г.м ахмад настны эрүүл мэндийн зарим үйлчилгээг хамруулдаг байна.  Иймд эмнэлгийн үйлчилгээний талаар  илүү тодорхой зохицуулалт бий болгох нь зүйтэй байна.
  4. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар ахмад настнууд нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих \1.6\; худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар тэргүүн ээлжинд үйлчлүүлэх \5.1.7\ ёстой.  Хуулийн эдгээр заалтыг зөрчсөнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлоогүй байна. Хөдөө орон нутгаас судалгаанд оролцсон  ахмад настнууд задгай асуултанд хариулж бичихдээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийн үнэмлэх шаардаж, мөнгө төлүүлдэг явдлыг зогсоох хэрэгтэй, хуулиар олгосон  энэ эрхээ хэрэгжүүлж чаддаггүй гэж бичсэн тохиолдол нилээдгүй давхардсан байна. Хуулийн тодорхой заалтын хэрэгжих механизм буюу зөрчсөнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлоогүй тул дээр дурдсан 2 заалт нь эрх зүйн хувьд хийдэлтэй хэмээн үзэж байна.
  5. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйл нь “Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг” гэдэг нэртэй. Нэгдүгээрт, төрийн байгууллагуудын бүрэн эрхийг аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргээс тусад нь зүйл болгон бичдэг манай хууль тогтоомжийн нийтлэг загвар зөрчигдсөн байна. Хоёрдугаарт, Улсын их хурал нь ахмад настны талаар ямар  чиг үүрэг, бүрэн эрхтэй талаар нарийвчилсан зохицуулалт бүхий энэ хуульд заагаагүй нь учир дутагдалтай байна. Гуравдугаарт, уг зүйлд төрийн байгууллагуудын ахмад настны талаар хүлээх үүргийг: Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага -тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг нэмэгдүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах,  гарсан хууль тогтоомж,  шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг хангах \1\, Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  нь ахмад настны талаархи хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, …боловсронгуй болгох талаар санал боловсруулж …. уламжлах, төрийн болон ТББ-г мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах \8.2\үүрэг хүлээнэ, Бүх шатны Засаг дарга … тодорхойлолт гаргаж өгөх, төсөвт тусгуулах, үйлчилгээнд хамруулахаар уламжлах \8.3\ гэх мэтээр тодорхойлжээ.  Бидний үзэж байгаагаар ахмадын асуудлаар УИХ, ЗГ ямар  бүрэн эрх эдэлж, үүрэг хүлээх тухай заагаагүй нь эрх зүйн хийдэл мөн. Энэ нь тухайн асуудлыг хүний эрхийн хандлагаар авч үзээгүй, бүх нийтийн хариуцах үүрэг байх зарчмыг анхнаасаа энэ хуульд орхигдуулсантай холбоотой гэж үзэж байна. Ахмадууд маань тэдний талаар УИХ, ЗГ хуулиар тодорхой үүрэг хүлээдэггүй гэдгийг анзаарч, гомдлоо ноцтой байдлаар илэрхийлэхээс нь өмнө асуудлыг анхааралдаа авч хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Энэ зүйлд зааснаар яам, агентлаг, бүх шатны Засаг дарга нар нь ахмадын асуудлаар бусад төрийн байгууллагуудтай хэрхэн харилцахтай холбоотой үүргийг тоочсоны дээр, “тодорхойлолт гаргаж өгнө” гэсэн хүнд суртал бүхий нэг үүргийг эс тооцвол  ахмад настанд өөрт нь чиглэсэн төрийн нэг ч  үүрэг энэ зүйлд тусгагдсангүй.  Ахмад настныг хуульд заасан эрхийнх нь талаар мэдээллээр хангах нь төрийн албан хаагчийн наад захын үүрэг байвал зохино.  Баг хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд харьяалах өрх, хүндээ хүрч үйлчилдэг байх зэрэг үүргийг хуульчлан тогтоох шаардлагатай.
  6. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ \1\, Ахмадуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт ажиллагсдын 70-аас доошгүй хувийг нь ахмад настан эзэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад Засгийн газар болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр дэмжлэг үзүүлж болно \9.2\. Энэ хуульд заасан төрийн болон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно \9.3\. гэж заасан. Нэгдүгээрт, иргэд эвэлэдэн нэгдэх чөлөөтэй хэрэгжүүлж буй өнөөгийн нөхцөлд “олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах” Төв байгууллагын шалгуур тодорхойгүй байна. Иймд ерөнхий шалгуурыг хуулиар тодорхойлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шат шатандаа сонгон шалгаруулж, гэрээ байгуулж, дүгнэж байх, уг шалгуурыг хангаж чадахгүй буюу гэрээгээ ноцтой зөрчсөн бол гэрээг цуцалж, дахин сонгон шалгаруулалт зарладаг байх зохицуулалт бий болгох нь зүйтэй байна. Хоёрдугаарт, ЗГ, ИТХ-ийн шийдвэрээр дэмжлэг үзүүлж болох аж ахуйн нэгж, байгууллагыг тодорхойлохдоо “ажиллагсдын 70-аас доошгүй хувийг нь ахмад настан эзэлдэг” гэсэн шалгуур тавьжээ. Ажиллагсдын тооны талаар шалгуур тавигдаагүй учир 4 ажилтантай, түүний 3 нь ахмад настан байгаа тохиолдолд магадгүй Засаг дарга, ИТХ-д ойр дөт, танил талаараа дэмжлэг аваад байх боломжтой байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна. Гуравдугаарт,  уг хуулийн 9.3 нь Засгийн газрын тухай хуулийн 19-р зүйлтэй давхардсан байх тул энэ хуульд ЗГ-ын тухай хуулиас ишлэл хийсэн заалт оруулах нь тохиромжтой байна.
  7. Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоосон бөгөөд энэ нь 65 нас байхаар хуульчилсан. Нөгөө талаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байгаа болно. Өөрөөр хэлбэл, тэтгэврээ тогтоолгох эрхтэй болохыг хуульчилсан. Түүнчлэн дээрх хуульд мэргэжлийн онцлог, тухайн ажлын хүнд хөнгөн зэргээс шалтгаалан тодорхой төрлийн ажил, мэргэжлийн хүмүүсийн тэтгэвэр тогтоолгох эрх бүр ч эрт үүсэхээр  заасан. Тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхтэй зэрэгцэн захиргаанаас тухайн албан хаагчийг тэтгэвэрт гаргах буюу тухайн ажлаас чөлөөлөх эрх нь мөн адил үүсч, үүнийгээ ч “маш шуурхай” хэрэгжүүлдэг болсон тухай дээр дурьдсан. Төрийн албаны тухай хуулиар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол  төрийн албанаас чөлөөлөх эсэхийг төрийн албан хаагчийн хүсэлтийг харгалзан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, эдгээр шалгуурыг захиргаа дүгнэх буюу үүгээрээ тухайн байгууллагын үзэмжийн асуудал болж байна. Оюуны өндөр чадавхитай ахмад настны хөдөлмөрлөх хэрэгцээг тандах түүвэр судалгааны асуулгад хариулсан нийт ахмадуудын 82,9 хувь нь ажил эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх бөгөөд ахмад настны ажил эрхлэх чиглэлийг тодорхойлоход энэхүү судалгаанд хамрагдагсдын 60 гаруй хувь нь цагийн болон үндсэн ажилтнаар ажиллах хүсэлтэй гэж хариулжээ.Үүнээс үзвэл ахмад настнууд ажил эрхлэх сонирхолтой байсаар  байна. Энэхүү нөхцөл байдал нь Ахмад настны амьдралын чанарын судалгаагаар давхар нолтогдсоныг дээр дурдсан билээ.
  8. Хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд өндөр насны тэтгэвэр авах болзол хангасан ахмад настны хувьд хуулийн дараахь зохицуулалтаас шалтгаалан өндөр насны тэтгэвэр, группийн мөнгө хоёрын аль нэгийг л авах эрх зүйн зохицуулалттай байна. Үүнд: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн З-д: “Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ” 9.З-д: “Тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй, тахир дутуугийн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээтэй тус тус адил байна”.  Үүнийг хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд өндөр насны тэтгэвэр авдаг ахмад настанд илүү ээлтэйгээр зохицуулах талаар судалж шийдвэрлэх нь зүйтэй байна.

ХОЁР. Оюуны өндөр чадамжтай ахмад настнуудын ажил эрхлэх сонирхол, хэрэгцээг тодорхой чиглэлээр судлан тодорхойлж, тэдгээрийн нийгмийн харилцаанд оролцох идэвхи, оролцоо болон тэрхүү үйл ажиллагааг цаашид хэрхэн зохион байгуулж болох боломж, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа зэргийг тодорхойлж энэ чиглэлээр тодорхой санал, зөвлөмж гаргах зорилгоор  “Хөдөлмөр эрхлэх боломжтой ахмадуудын ажлын байрны хэрэгцээг тандах судалгаа”-ны асуулгыг боловсруулан 21 аймаг, 6 дүүрэгт хүргүүлж, бүх газруудаас 1500 ахмад настнаар асуулгыг бөглүүлэн хүлээн авч, нэгтгэн дүгнэлт, санал, зөвлөмж бүхий СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ХАВСАРГАВ. Уг судалгааны ажлын хүрээнд:

  1. Судалгаанд оролцогчдын орон нутгийн байршил, нас, хүйс, орон байрны нөхцөл, гэр бүлийн статус, мэргэжил, боловсрол, эрдмийн зэрэг цол гэх зэрэг үндсэн мэдээллүүдийг багцлан авч мэдээллийн боловсруулалтын харьцуулалт хийх, үнэлэлт дүгнэлт гаргах;
  2. Оюуны өндөр чадамжтай ахмад настнуудын амьжиргаандаа зарцуулж буй бодит хэрэглээ болон амьжиргааны орлогын эх үүсвэр, эдийн засгийн байдлыг тодорхойлох бусад үзүүлэлтүүдтэй харьцуулах, нэгтгэхэд ашиглах мэдээлэл цуглуулах;
  3. Оюуны өндөр чадамжтай ахмад настнуудын одоогийн ажил эрхлэлтийн байдал болон гүйцэтгэж буй ажлын чиглэлийг тодорхойлох замаар цаашид шинээр ажлын байр гаргах, дэмжлэг үзүүлэхэд зориулсан бодит хэрэгцээг тодорхойлох боломжийг бүрдүүлэх зорилгоор судалгаанд оролцсон ахмад настнуудын ажил эрхлэлтийн байдлыг судлах;
  4. Оюуны өндөр чадамжтай ахмад настнуудын ажил эрхлэх одоогийн сонирхол, хэрэгцээг бодитой тодорхойлон, өөрийн боломж, чадавхи, мэдлэг оюунд тулгуурлан цаашид ажил эрхлэх ямар боломж байгааг тэдгээрийн санал, хүсэлтэд үндэслэн дүгнэлт гаргах, энэ чиглэлээр төрөөс үзүүлэх дэмжлэг, арга замуудыг тодорхойлох ажлуудыг багцлан нэгтгэж, зөвлөмж гаргах
  5. Цаашид төрөөс оюуны өндөр чадамжтай ахмад настнуудын үндэсний сүлжээ байгуулахад анхаарах асуудлууд, энэ ажлын хүрээнд гаргах шийдвэрүүдийг оновчтой гаргахад зориулсан бодит санал, хүсэлтийг нэгтгэн цуглуулж, цаашид энэ талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгах;
  6. Мөн энэхүү судалгааны хүрээнд судалгаанд оролцож буй ахмад настнуудаас Монгол гэр бүл дэх ахмад настнуудын үүрэг, оролцоо ямар түвшинд байгаа болон цаашид гэр бүл дэх ахмадуудын үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх болон тэдгээрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд зориулсан ямар дэмжлэг шаардлагатай байгаа зэргийг тодорхойлон нэгдсэн зөвлөмжид тусгах санал, дүгнэлт боловсруулах ажил гүйцэтгэгдсэн болно.

Судалгаанд оролцогчдын орон нутгийн байршил, нас, хүйс, орон байрны нөхцөл, гэр бүлийн статус, мэргэжил, боловсрол гэх зэрэг үндсэн мэдээллүүдийг багцлан авч мэдээллийн боловсруулалтын харьцуулалт хийх, үнэлэлт дүгнэлт гаргах;ДӨРӨВ. Ахмад настнуудын орлого, орон байр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, амьдралын чанарыг үнэлэх түүвэр судалгаа хийх замаар бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, цаашдын чиг хандлагыг эрх зүйн орчинд тусгах санал, зөвлөмж гаргах зорилгоор “Ахмад настны хэрэгцээнд нийцсэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний өнөөгийн байдал, ахмад настны амьдралын чанарт үнэлэлт өгөх” судалгааны асуулгыг боловсруулан нийслэлийн төвийн дүүргүүд, Хөвсгөл, Өмнөговь, Дундговь, Завхан, Архангай, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Сүхбаатарт аймаг тус бүрээс 100 ахмад настнаар судалгааны асуулгыг бөглүүлэн мэдээлэл цуглуулан нэгтгэж, дүгнэлт, санал, зөвлөмж бүхий СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ХАВСАРГАВ. Уг судалгааг дараахь зорилгоор явуулсан болно:

  1. Ахмад настны орлогын байдлыг хөдөлмөр эрхлэн олж буй орлого; өндөр насны тэтгэврийн орлого, шимтгэлд тулгуурсан нийгмийн даатгалын тэтгэврээс олох орлого; шимтгэлд тулгуурлаагүй нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжээс олох орлого; нийгмийн халамжийн сангаас авдаг өндөр насны тэтгэвийн орлого хувийн хадгаламжийн болон хөрөнгө оруулалтаас олох орлого; хувийн тэтгэврийн сангаас олох орлого, бусад орлого \хүүхэд, хамаатан саднаас өгсөн тусламж\-ын төрлөөр судалж, эдгээр орлого нь ахмад настны амьдралын наад захын хэрэгцээг хангаж байгаа эсэх, эсхүл өөрт нь хангалттай хүрэлцээтэй, бусдад туслах хэмжээнд хангалттай байдаг эсэхийг тодорхойлж, олон улсын нийтлэг жишигтэй харьцуулалт хийн ахмад настны орлогын баталгаат байдлыг дэмжиж ойрын жилүүд, урт хугацаанд баримтлах бодлогын санал зөвлөмж гаргах
  2. Ахмад настнуудын орон байрны нөхцөл, ам бүлийн тоо, хүнс болон хувцасны хангамжийн талаар тэд юу гэж үзэж байгаа, цэвэр усны хангамж зэрэг ахуй хангамжийн байдлыг судалж, үнэлэлт өгөх;
  3. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан зарим тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээнд хамрагдсан эсэх, эрүүл мэндийн даатгалын болон урьдчилан сэргийлэх үйлчилгээний хамрагдалтын байдлыг судалж,  төрөөс үзүүлэх дэмжлэгийн үр дүнг нэгтгэж, бодлогын зөвлөмж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах;
  4. Үндэсний соёл, уламжлал, гэр бүлийн үнэт зүйлсээ хадгалах, залгамж холбоог сайжруулахад оршиж буй эерэг болон сөрөг нөхцөл байдлын талаар ахмад настнуудын үзэл бодол, саналыг тодорхойлох зорилгоор асуулга тавьж нэгтгэн бодлогын зөвлөмжид тусгах.

Ахмад настны дийлэнх хувийх нь орлогын эх үүсвэр нь өндөр настны тэтгэвэр байна. Ялангуяа 1990 онд эрт (40-45 настай, олон хүүхэдтэй) тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн хэмжээ хэт бага байгаа учраас тэтгэврийг 50-100% нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Хөгжингүй орнуудад ахмад настны орлогын голлох эх үүсвэр байдаг хувийн тэтгэврийн сангийн орлогын тухай санал асуулгад оролцсон ахмад настнууд  100% огт мэдэхгүй  байна. Ахмад настнуудын хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал ганцаардал байна. Иймд ахмадуудын цагийг зөв зохистой өнгөрүүлэх тоглоом наадам, үзвэр үйлчилгээнд хамруулах нөхцөл бүрдүүлэх, түүний дотор тэдэнд нээлттэй орчин, тохиромжтой хөдөлмөр эрхлүүлэх нөхцөлийг бий болгох шаардлагатай нь нотлогдож байна.

ТАВ. “Төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж байгууллагын ахмад настанд үзүүлж буй үйлчилгээний зураглал”–ыг хууль тогтоомжид заасан хүрээнд гаргав.Уг ЗУРАГЛАЛЫГ ХАВСАРГАВ. Уг судалгаанаас үзвэл ахмад настны талаарх төрийн байгууллагын чиг үүрэг хангалттай тодорхойлогдоогүй, үйлчилгээ нь хүнд сурталтай, шуурхай бус, ахмад настан уг үйлчилгээг авахад хүндрэлтэй, хэрэгжих механизм буюу хариуцлагын тогтолцоо нь тодорхойгүй  байна. Уг зураглал дээр хийсэн гол дүгнэлт, саналаа нэгдсэн санал, зөвлөмжид тусгав.

ЗУРГАА. БНХАУ-ын Ахмад настны эрхийг хамгаалах тухай хууль\ 1996 он\-ийн холбогдох заалтыг орчуулж, ОХУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настанд үзүүлэх нийгмийн үйлчилгээний тухай, түүнчлэн Австралийн тэтгэврийн системийн  \Australian Superannuation System\тухай болон Хувийн тэтгэврийн сангийн үүсгэл санаачлагыг манай тэргүүлэх зарим бизнесийн байгууллагууд хэрэгжүүлж эхлээд байгаа талаархи мэдээлэл цуглуулж зөвлөмждөө ашиглав. \ХОЛБОГДОХ МАТЕРИАЛЫГ ХАВСАРГАВ\

ДОЛОО. Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх арга аргачлалын талаар РР бэлтгэж, 2013.01.07-ны өдөр ХАХНХЯ-ны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж тус зөвлөлийн гишүүдийн саналыг ажлын явцад тусган ажилласан болно.

НАЙМ. Энэхүү судалгааны үр дүнгийн талаархи судлаачийн санал, дүгнэлт, зөвлөмжийн талаар ХАХНХЯ-ны холбогдох ажилтны зөвшөөрлөөр “ЗА” телевизийн “Эрх зүйн тусгал” нэвтрүүлэгт 20 минутын ярилцлага өгсөн бөгөөд 3 дугаар сарын 5–нд 2 удаа давтан нэвтрүүлсэн болно

ЕС. Мөн судалгаанд шаардлагатай төсөл хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийн явц, статистикийн мэдээлэл болон  энэхүү зөвлөх үйлчилгээний явцад цуглуулсан бүх мэдээллээр сан бүрдүүлж,  CD дээр буулган энэхүү тайланд хавсаргасан болно.

АРАВ.НЭГДСЭН САНАЛ, ЗӨВЛӨМЖ

  1. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг дараахь үзэл баримтлалаар өөрчлөн найруулах:
    1. хүний эрхийг төрөөс баталгаатай хангах, хүн хүнээ хайрлах, нинжин сэтгэлээр энэрэх зарчмыг тогтоох, ахмад настны эрхийг хангах, хамгаалах явдал нь бүх нийтийн үүрэг байх
    2. “Нийгмийн хамгаалал”, “нийгмийн үйлчилгээ” зэрэг нэр томъёог оновчтой тодорхойлж хуулийн концепцийг нарийвлан тодорхой болгох
    3. Нийгмийн халамж, үйлчилгээ хариуцсан төрийн албан хаагчийн ахмад настныг мэдээллээр хангах, хүрч үйлчлэх үүргийг хуульчилж, хэрэгжих механизмыг хуулиар бий болгох. Тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах
    4. Ахмад настанд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох. Эм, хоол хүнснээс гадна орон \гэр\ сууцтай байх эрхийг баталгаатай хангах талаар төрийн хүлээх үүргийг тодорхой болгох. Энэ зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн мэдлийн орон сууцны сантай байх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх
    5. Бүх шатны Засаг дарга нарын үүрэг нь ихэвчлэн төрийн ямар байгууллагатай ямар асуудлаар харьцахтай холбоотой харилцааг түлхүү тодорхойлсон бөгөөд ахмад настандаа хандсан нэг ч үүрэг одоогийн хуулиас харагдахгүй байна гэхэд хилсдэхээргүй байна. “Хүн хүнээ хайрлах, нинжин сэтгэлээр энэрэх” концепци энэ хуульд нэвт шингэх ёстой. Засаг даргын ахмадуудад ийм хөндий, өөрөөсөө зайлуулсан хандлагыг хуулиар бий болгосон нь харамсалтай байна. Ахмадуудад хэдэн төгрөг олгох, халамжийн үйлчилгээнд өч төчнөөн бичиг баримт нэхэж байж хамруулснаар ахмадууд “аз жаргалтай хүн” байх нөхцөл бүрдэх үү?
    6. Баг, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан нь ахмад настныг халамж хүртэхийг хүсч, өргөдөл барин хандахыг хүлээлгүйгээр мэдээлэлтэй байж, түүн дээр үндэслэн хуулиар тогтоосон зохих халамжийн үйлчилгээг төрийн байгууллага өөрөө санал болгодог байх чиглэлд үүргийг нь тодорхой болгон хуульчлах.
  2. Одоогийн хууль хэтэрхий төсөвт дулдуйдсан, “багахаан мөнгө амсуулах төдий” нөхцөлд ахмадуудыг зогоож байна. Хувийн хэвшил, ТББ-д түшиглэсэн, ирээдүйг харсан бодлого үгүйлэгдэж байна. Эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийн хөгжлийн таатай үе, хүн ам зүйн цонх үетэй уялдуулж, Хувийн тэтгэврийн хуримтлал\сан\-ын эрх зүйн орчин бий болгон залуугаасаа хуримтлалаа үүсгэх ирээдүйг харсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ахмадын санг Хувийн тэтгэврийн  сангийн хууль болгон өргөжүүлэн үе шаттай хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх. Эхний ээлжинд хуульдаа илүү тодорхой өөрчлөлт оруулан ЗГ-ын баталсан ахмадын сангийн дүрмийг өөрчилж болно.  Сангийн хөрөнгө нь зөвхөн банкинд хадгалуулахаас өөрөөр нэмэгдүүлж, санхүүгийн менежмент хийх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа нь уг сан удаан амьдрах чадваргүйг харуулж байна.  Хэрэв санхүүгийн менежмент хийж, хөрөнгө оруулалтын төрөл бүрийн хэрэгсэл, механизм ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлбэл одоогийн залуус ирээдүйд ахмадын эгнээнд ороход амьдралын чанар нь эрс сайжрах боломжтой. Энэ нь санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд ч тустай.
  3. Төрөөс дэмжлэг авах ахмад настны төрийн бус байгууллагын шалгуурыг хуульчилж, сонгон шалгаруулалтын журмаар дэмжлэг үзүүлдэг зохицуулалтыг бий болгох. Халамжийн чиглэлийн хуулиудад ЗГ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг хуулж тавихаас өөр эрх зүйн орчин, хэрэгжих нөхцөл байхгүй байхад нийгмийн халамжийг үйлчилгээ ахмадуудад шаардлагатай төрлөөрөө бүрэн хүрэх боломж хомс хэвээр байх болно. Ахмад настанд үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын санхүүгийн чадавхийг дээшлүүлэх эрх зүйн бодит орчин бий болгох шаардлагатай. Үүний тулд “1 хувийн” татварын санаачлагыг Хувь хүний орлогыг албан татварын хуульд нэмэлт болгон оруулах. Иргэд нийгмийн баялгийн дахин хуваарилалтад өөрийн саналыг бодитойгоор тусгаж,нэг хувийн татвараараа асрамжийн үйлчилгээг санхүүгийн хувьд дэмжих боломжийг татварын хуулиар бий болгох.
  4. “Олон нийтийн санал” төрийн бус байгууллагаас явуулсан судалгаанд оролцогч ахмад настнуудын 55 хувь нь одоогийн хуулиар тогтоосон тэтгэврийн насыг нэмэх хэрэгтэй гэж үзэж буйг эхний ээлжинд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг ижил болгох үүднээс Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг авч үзэж болох талтай байна.
  5. Улсын хэмжээнд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 108,1 мянган иргэн байгаа нь нийт хүн амын 4,1 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 12 525 өндөр настан байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй нийт хүн амын 11,6 хувь , өндөр настны 8,3 хувийг тус тус эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд ахмад настны хувьд бусад ахмад настантай харьцуулбал илүү их асаргаа халамж, зардал хэрэгтэй, илүү их сэтгэлзүйн дарамтыг туулж амьдардаг гэдэг нь ойлгомжтой байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд өндөр насны тэтгэвэр авах болзол хангасан ахмад настны хувьд өндөр насны тэтгэвэр болон группийн мөнгөө аль алиныг нь авах эрхийг хуулиар нээж өгөх нь зүйтэй болов уу. Магадгүй аль өндөр тогтоогдож байгааг нь бүрэн өгөөд, нөгөөг нь хуулиар тогтоосон доод хэмжээгээр нь авдаг байхад ч тухайн ахмад настныг ядуурлаас хамгаалах, ойр дотны хүмүүс, асрамжийн газрын халамж,  үйлчилгээг авахад  дэм болно гэж үзэж байна. Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийн 4.1-т: Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цол хүртсэн Монгол Улсын иргэнд энэ хууль үйлчилнэ” хэмээн заажээ. Гавьяа шагналтай, сайхан амьдарч буй ахмадууд 2 хуульд заасан халамж, тэтгэмж хүртэх боломжтой байхад хөгжлийн бэрхшээлтэй ахмад настны хувьд дээр санал болгож буй зохицуулалтыг хийж болох эрх зүйн жишиг байна гэж үзэж болохоор байна.
  6. Төрийн байгууллагын мэдээллийн цахим сан, сүлжээ үүсгэх замаар төрийн эрх бүхий нэг байгууллагад байгаа мэдээллийг нөгөө байгууллага иргэнээс нэхдэггүй хүнд сурталгүй орчин бий болгох шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор олон жил яригдсан Мэдээллийн технологийн аюулгүй байдлын тухай, Электрон гарын үсгийн тухай хуулиудыг зайлшгүй батлан гаргах шаардлагатай. Ингэхдээ төрийн албан хаагчийн цахим мэдээллийн нууцыг хамгаалах үүргийг хуульчилж, хяналт тавих механизмыг бүрдүүлэх нь зүйтэй. Мянганы сорилтын сан дээр хэрэгжиж эхэлж буй PINN хөтөлбөртэй эхнээс нь хамтран ажиллаж хүнд суртал, авилгалыг арилгаж төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, хүртээмжтэй болгох талаар яамны зүгээс анхааран ажиллах нь зүйтэй байна.

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d